Засгийн газар короновирустэй холбоотой асуудлаар хурал бүр дээрээ онцгойлон ярьж байгаа. Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох боломжтой. Энэ бол шийдэл биш.
Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан.
Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байна.
Жич: Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас хойш үргэлжилж байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна.
Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулиараа Засгийн газарт ийм давуу эрх байхгүй. Харин уламжлалт, тэмдэглэлт баярын өдрүүдэд ажлын өдөр таарч тэр өдөр нь бямба, ням гарагуудтай 1 хоногийн ойр тохиовол шилжүүлдэг юм.