Хятадын Хубэй мужийн Ухань хотоос коронавирусын халдвар илэрч, тархсаар Дэлхийн 28 орны 1115 иргэн амиа алдаж, 45153 иргэн халдвар авч, 4687 иргэн бүрэн эдгэрээд байна.
Хятадад вирус гарахтай зэрэгцэн цагаан сарын баяр нь тохиож, тэмдэглэснээс үүдэн халдвар хурдацтай тархсан. Хятад улс үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, цагаан сар тэмдэглэсэн нь өвчний дэгдэлтэд нөлөөлсөн АЛДАА БОЛСОН гэдгээ мэдэгдсэн.
Харин манай улсын цагаан сар 12 хоногийн дараа буюу 2-р сарын 24-нд болох гэж байна. Хятад улстай хиллэдэг, коронавирус тусах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй Монголчууд бид цагаан сар тэмдэглэх шаардлага бий юу? Тэмдэглэхгүй байя гэхэд ХУУЛИЙН ямар зохицуулалт байгаа вэ?
Улсын онцгой комиссоос цагаан сар тэмдэглэхгүй байх санал гаргаж, үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хүргүүлсэн билээ.
Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд цагаан сар хориглох буюу, олон нийтийн хөл хорио тогтоох заалтгүй. Харин онц байдлын тухай хуулиар олны хөдөлгөөнийг хорихын тулд ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ заалттай. Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйл.Онц байдал зарлах үндэслэлд
1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед онц байдал зарлана гэсэн байдаг.
Гэвч Ерөнхийлөгч ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ болох ч УИХ-аар эцэслэн хэлэлцэх хуультай. Энэ хуулийн 5.3, 5.4 заалтуудыг харвал ЦАГААН САР хориглохын тулд ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХААС өөр аргагүйд хүрээд байна. Хэрвээ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХГҮЙ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цагаан сар тэмдэглэхгүй байхыг УРИАЛАХААС өөр гарцгүй.
Өөрөөр хэлбэл коронавирусээс сэргийлэх ганц арга нь одоогоор ИРГЭДИЙН УХАМСАР боллоо. Эсвэл Ерөнхийлөгч ОНЦ БАЙДАЛ зарлаж, УИХ-ыг яаралтай хуралдуулж, ОНЦ БАЙДАЛ ТОГТООХ.
Онц байдал зарлана гэдэг нь 2008 оны 7-р сарын 1 шиг дүр зураг бий болно гэсэн үг.
Одоогоор Ерөнхийлөгч Х.Баттулгын саналаар төрийн золголтуудыг болиулж, цагаан сарын үзэсгэлэн худалдаануудыг цуцалж, цагаан сартай холбоотой рекламуудыг зогсоолоо.