Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу олны нэрлэн заншсанаар Урт цагаан нь ахуй үйлчилгээний төв байгуулагаад өдгөө 62 жил болж байгаа билээ.
Тус төв нийт 8000 м2 талбайтай бөгөөд 30 иргэн нийслэлтэй гэрээ байгуулан 200 гаруй иргэнд дамнан түрээсэлдэг аж.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын удирдлагууд өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээ эрхлэж байгаа иргэдийн орчин, барилгатай танилцаж үйл ажиллагааг нь зогсоож, хаах санал гаргалаа.
Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Үнэнбат “Жуулчны гудамжинд байрлах Урт цагаан нийслэлийн өмчит гуравдугаар байр нь 1958 оноос хойш засвар хийлгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааг нь зогсоох нийслэлийн Мэргэжлийн хяналтын удаа дараагийн дүгнэлт гарсан.
Уг барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй, Улаанбаатар хотын хамгийн эрдэлтэй обьектын нэг юм.
Түрээслэгч нар стандартад нийцүүлэх шаардлагыг удаа дараа тавьдаг. Гэвч түрээслэгчид стандартад нийцсэн ажлын байрыг бий болгож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Иймээс шаардлага биелүүлэхгүй байгаа учир үйл ажиллагааг нь зогсоох гэхээр өргөдөл гомдол гаргаж, өмч хөрөнгийн маргаан үүсгэдэг байсан. Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй дээр үйл ажиллагааг нь зогсоож энэ обьектоос орлого олохоо болих шийдвэр гарсан. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох болно" гэлээ.