Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны санаачлагаар “БӨГТӨР ЖДҮ” ном худалдаанд гарлаа. Монголын ЖДҮ эрхлэгчдийн туулсан зам, ололт амжилт, саад бэрхшээлийг тус номонд багтааснаас гадна яагаад энэ салбарыг хөгжүүлэх ёстойг баримт түшин энгийн ойлгомжтойгоор өгүүлжээ. Тус номыг сэтгүүлч Б.Бямбасүрэн, З.Цэлмэг нар бичжээ. Харин номын ерөнхий редактораар Соёлын гавьяат зүтгэлтэн И.Ренчинханд ажилласан бол Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ЖДҮ-ийн хүртэх ёстой боломжийг эрх мэдэлтнүүд хэрхэн булаасныг шог зургаар илэрхийлсэн нь номыг улам ч сонирхолтой болгожээ.
2018 онд төрийн өндөр албан тушаалтнууд болон УИХ –ын нэр бүхий гишүүд ЖДҮ-чдэд зориулсан жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг эрх мэдлээ ашиглан авч, олон хүний боломжийг хулгайлсан баримтууд ил болсноор нийгэм ЖДҮ эрхлэгчдэд анхаарал хандуулж эхэлсэн юм. Энэ бүхнийг өнөөдрөөс уншигчдын хүртээл болгож байгаа “Бөгтөр ЖДҮ” номын эхний бүлэгт олон талын эх сурвалжтай өгүүлжээ. Мөн тус номын 2,3-р бүлэгт улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруун дээрээ үүрч ажлын байр бий болгодог ЖДҮ эрхлэгчид эрх мэдэлтнүүдээс болж өнгөрсөн хугацаанд ямар их боломжоо алдсаныг, цаашлаад энэ салбарыг Монгол улс яагаад хөгжүүлэх ёстойг өгүүлсэн байна.
Монгол улс жижиг, нээлттэй зах зээлтэй. Гэхдээ энэ зах зээлд ЖДҮ эрхлэгч бүр өсөж хөгжиж чаддаггүй муу жишиг давтагдаж иржээ. Яагаад хөгжиж чаддаггүйг ч "Бөгтөр ЖДҮ" ном олон талын судалгаа , баримттайгаар тайлбарлажээ. Энэ утгаараа тус салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэж хөндлөнгийн судлаачид дүгнэж байна. Түүнчлэн урьд өмнө нь ЖДҮ эрхлэгчдийн тухай цогц мэдээлэл судалгаа бүхий ийм ном гарч байгаагүй учир энэ төрлийн ном эрэлт ихтэй байжээ. "БӨГТӨР ЖДҮ" ном энэ эрэлтийг нөхөж гарч ирснийг номын мэргэжилтнүүд онцолж байна.
Зохиогч: З.Цэлмэг, Б.Бямбасүрэн
Редактор: И.Рэнчинханд
Эх сурвалж: Mass.mn