Үндсэн хуулийн цэцийн гишүүд иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байна хэмээн зарим нам, иргэний хөдөлгөөнөөс эсэргүүцлээ илэрхийллээ. Өнгөрсөн онд УИХ-аар баталсан Сонгуулийн тухай хуулинд явцуу эрх ашигт үйлчилсэн гэж болохоор олон заалтууд туссан. Тухайлбал, нэр бүхий улс төрчдийг шахаж хавчих зорилгоор авлига албан тушаалын гэмт хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй гэх заалт тусгасан гэлээ. Энэ тухай “Өргүй Монголын төлөө” үндэсний хөдөлгөөний тэргүүн Т.Баярхүү “Үндсэн хуулийн шүүх буюу цэцийн гишүүд ажлаа хийхгүй байна. Иймээс хариуцлага хүлээхийг шаардаж байна” гэсэн юм.
Тэд өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд шаардах бичиг хүргүүлжээ. Цэц шаардлагыг хүлээж авсан ч хариу өгнө гэдэгт эргэлзэж байна. Учир нь, өмнө нь хүргүүлсэн хэд хэдэн шаардлагынхаа хариуг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа аж.
Үүнээс гадна, Үндсэн хуулийн цэцийн дарга асан,одоо гишүүнээр ажиллаж буй Д.Одбаяр эмэгтэй хүнийг бэлгийн дарамтад оруулсан, ёс бус хэрэгт нэр холбогдсон. Гэвч, өнөөдрийг хүртэл зөөлөн суудалдаа тухалж суугаа нь хууль, хүчний байгууллагад шударга бус явдал газар авсныг харуулж байна гэж шүүмжиллээ.
Тэд Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн асуудлаар шийдвэрээ гаргатал шаардах болно гэдгээ мэдэгдэж байна. Нэмж мэдээлэхэд, Коронавирусын халдварын эрсдэл, хөл хориотой холбоотойгоор Үндсэн хуулийн цэц хуралдаануудаа түр хугацаагаар хойшлуулсан. Үүнээс үүдэж, цэц өвчнөөр далимдуулдаг ажлаа цалгардуулдаг боллоо гэх шүүмжлэлийг ч дагуулаад байна.