Дархан-Уул аймгийн нутагт бага насны гурван хүүхэд халуун усанд түлэгдэж, амиа алдсан талаар бид мэдээлсэн. Мөн Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх хэрэгтэй холбогдуулан БСШУСЯ-д шаардах бичиг хүргүүлсэн. Харин “Эмэгтэй удирдагч” сан ТББ-аас уриалга гаргалаа.
Уриалгадаа дурдахдаа,
Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны, нэг айлын 3 хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай осол болсонд бид туйлаас харамсаж байна. Охидын ээж Ч нь цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд байгууллагынхаа хуралд явсан хойгуур энэ харамсалтай осол болсон гэж хэвлэлүүд мэдээлж байгаа.
3 дугаар сарын 2 хүртэл сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг ахуйн осолд орох зэрэг эрсдлээс хамгаалахын тулд байгууллагуудыг уян хатан зохион байгуулалтаар ажиллахыг “Эмэгтэй Удирдагч Сан”-гаас УРИАЛЖ БАЙНА.
Манай улс 15 хүртэлх насны 1 сая хоёр мянга (1 сая 2052 ) гаруй хүүхэдтэй. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахгүй байгаа үед эцэг эхийн хэн нэг нь бага насны хүүхдүүдээ асран, хамгаалж гэртээ байх боломжийг байгууллагууд өөрсдийн санаачлагаар зохион байгуулбал олон хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах боломжтой билээ.
Тухайлбал ажилчдаасаа бага насны хүүхдүүдийг нь асран халамжлах хүн байгаа эсэх, байхгүй бол тухайн ажилтан ажлын хэдэн өдөр нь хүүхдээ харах шаардлагатай байгаа зэрэг санал авч, уян хатан хандах шаардлага бидэнд зүй ёсоор тулгарч байна.
Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судлагаагаар манай улсад өрх толгойлсон хүний тоо гэхэд сүүлийн байдлаар 91 мянга 503 байна. Үүнээс 19 мянга 468 эрэгтэй, 72 мянга 35 нь эмэгтэйчүүд байна.
Ажил олгогчид, байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа гэр бүлийн байдлын мэдээлэл дээр үндэслэн тэдний гэр бүлийг эрсдлээс хамгаалах уян хатан шийдлүүдийг авч хэрэгжүүлэхийг дахин УРИАЛЖ БАЙНА.
(Дээрх тоо баримтыг Үндэсний Статистикын хороо, Хүн амын нэгдсэн тооллогоос авсан болно.)
“ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ” САН ТББ