Дархан-уул аймгийн тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч нь багш нараа дарамтлан, дуудаж цэцэрлэгийн 50 жилийн ойн тоглолтын бэлтгэл хийх нэрийдлээр багш ажилчдаа цуглуулжээ.Тус цэцэрлэгийн үйлчлэгч эмэгтэй тоглолтын бэлтгэлдээ очихын тулд гэртээ 2-5 насны гурван хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт цоожлон үлдээжээ. Гэтэл хүүхдүүдээс өөр хүнгүй байрны паар задарсны улмаас хүүхдүүд халуун усанд түлэгдэн газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэргийн тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг Монголын багш нарын холбооны үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс мэдэгдэл хийлээ.
“Өчигдөр албан ажлаа гүйцэтгэж байгаад гурван хүүхдээ алдсан эмэгтэйд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор тухайн ээжийн сэтгэл санааны байдал маш хүнд байна.
БСШУЯ-ын сайд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй гэсэн тушаалыг зарим нэг сургууль цэцэрлэгийн дарга, эрхлэгч нар биелүүлэхгүй байна. БСШУЯ-ын сайд Ё. Баатарбилэгийн гаргасан тушаал амьдралд уялдаа холбоогүй шийдвэр байлаа хэмээн харж байна.
Дан ганц энэ үйл явдлын нэг жишээнээс гадна Увс аймгийн багш нарыг хүүхдүүдийнх нь гэрээр оруулж ажлыг нь хийлгэж байна гэсэн санал гомдол ирсэн. Тэдгээр багш нар айлуудаар орж явахдаа өвчин авах эсвэл өвчин таарах эрсдэлтэй. Иймээс бид тус хэрэг дээр үндэслэн тушаал биелүүлэхгүй, багш нарын эрхэнд халдаж байгаа асуудлуудад арга хэмжээ авч. Холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг шаардаж, Дархан-уул аймгийн цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь түдгэлзүүлэх шаардлагыг бид хүргүүлэх болно
Энэхүү сайдын тушаалыг хэрэгжүүлэхгүй байгаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа дарга нарт хариуцлага тооцмоор байна. Багш нар ч гэсэн ардаа гэр бүл амьдралтай. Бүх багш нарыг гэрээсээ ажлаа хийх боломжоор хангах хэрэгтэй байна.” хэмээлээ.