Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдоод байсан. Гэвч гэрч, хохирогч, хоёр шинжээчийг хуралдаанд ороцуулах хүсэлтийг өмгөөлөгч нар гаргасан тул хуралдааныг ирэх гуравдугаар сарын 4-ны өдрийн 09 цаг хүртэл дахин хойшлуулжээ.
З.Баянсэлэнгэ нь 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Түрээсийн орон сууц хөтөлбөрөөр төрд их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж эхэлсэн. Сүүлийн гурван жил түүнийг шалгаж байгаа ч хэрэг эцэслэгдээгүй байна. Түүний шалгагдсан үндэслэлийг тодруулбал, Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоноос орон сууц худалдан авахдаа 15 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгасан.
Харин энэ асуудалд өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсээр ирсэн. Учир нь, 2015 онд Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол баталсан. Ингэхдээ орон сууцаа “Бэрэн” компаниас авахыг шууд даалгасан тул Ерөнхий сайдынхаа үүрэг чиглэлийг л хэрэгжүүлсэн хэмээн мэдэгдээд буй. Танхимаараа хуралдаж, алх цохисон шийдвэр байтал ганцхан З.Баянсэлэнгийг буруутгалаа гэж эсэргүүцсэн ч удаатай. Учир нь, Түрээсийн орон сууц хөтөлбөртэй холбоотой дээрх хэрэгт З.Баянсэлэнгийг яллагдагчаар татаж, экс сайд Ч.Сайханбилэгт “Албан үүрэгтээ хайнга хандсан” хэмээн сануулга өгөөд явуулсан байдаг.
З.Баянсэлэнгийн хувьд, МАХН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших магадалтай улстөрчдийн нэг. Гэхдээ түүнд ийм боломж олдох эсэх нь тун ч бүрхэг болжээ. Учир нь, Сонгуулийн тухай хуулиар албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэл хүлээсэн, яллагдагчаар татагдаж яллагдаж байгаа бол нэр дэвших эрхийг нь хаахаар хуульчилсан. Хэрэв, шүүх хуралдаан нэг талдаа гарахгүй сунжирсаар байвал, сонгуультай золгож мэдэхээр нөхцөл үүсчээ.