Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоногт мянга мянгаар нэмэгдэж, нас барж буй хүний тоо 60 гаруйгаар нэмэгдэж байна. БНХАУ-ын Хунань мужид шувууны H5N1 вирусийн халдвар гарсан. Энэхүү халдваруудаас давхар сэргийлэх зорилгоор өнөөдрийн хуралдааныг хийлээ.Урьд хөршид гараад байгаа нөхцөл байдлыг харгалзан дараах журмуудыг гаргаж байна.
Жишээ нь тахианы мах болон тахианы бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхгүй байх импортоор оруулж ирэхийг нь хориглох шийдвэр гарлаа.
Замын-Үүд, Буянт Ухаа, Шивээ хүрэн, Гашуу Сухайтын боомтуудыг гэх хилийн боомтуудыг хаасан. Гэвч хилээр манай орны 300 гаруй иргэн эх орон руугаа орж ирэх хүсэлт өгсөн байна. Тиймээс боомтууд дээр Онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах хэрэгтэй байна. Хилийн боомтууд болон Эмнэлгийн байгууллагын халдваргүйжүүлэлтийн асуудалд анхаарах. Мөн шинэ коронавирустэй холбоотойгоор салбар дундын шинэ төлөвлөгөө батлахаар хэлэлцлээ.
-Эмнэлэг бүр өөрсдийн өвчтөнүүдийг хүлээж авах болсон. Гэтэл дэлхий нийтийн жишгээр бол тусгаарлах нэг эмнэлгийг бие даасан байдлаар гаргах нь зүйтэй. Үгүй бол эмнэлэг бүр дээр хөрөнгө мөнгө болоод халдвар хамгааллын асуудал үүснэ. Тиймээс аль эмнэлгийг шинэ коронавирустэй холбоотойгоор тусгаарлах талаар шийдвэрийг Эрүүл мэндийн яам өнөөдөр гаргана. Тус шийдвэр гарсны дараа өвчилсөн болон сэжигтэй хүмүүсийг хүлээж авах нэг цэгтэй болно гэж ойлгож болно
-Мөн хүнсний хангамж болон үнийн асуудал яригдлаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа эсэхэд хяналт тавьж, тогтоох байгууллага төлөвлөгөөнд зайлшгүй тусгагдаж байна.
-Улсын нөөцөд байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг хэрхэн хуваарилах асуудал.
-Хорио цээрийн дэглэм улсын хэмжээнд явж буй. Гэхдээ бид хилээр орж ирж байгаа иргэдийг хилийн боомт дээр тусгаарлах шаардлага байна.
Одоо бид хилээр орж ирж байгаа хүмүүст үзлэг шинжилгээ хийгээд авчирч тусгаарлаж байна. Энэ асуудлыг цаашдаа тэнд нь тусгаарлах асуудлаа шийдээд дараа нь энд авчрах хэрэгтэй гэсэн нарийвчилсан асуудал яригдсан.
Үдээс хойш Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүнд байдаг байгууллагын төлөөллүүд тооцоо судалгаагаа гаргаад Сангийн яаманд танилцуулна. Төлөвлөгөөнд орох саналаа бид нэгтгээд Сангийн яам нэмэлт хөрөнгө мөнгийг өөрийн төсөвт багтаан нэгтгэж, тушаал шийдвэрээ гаргана. Сая бид урьдчилсан байдлаар хэлэлцэж тохироод маргааш өглөө Улсын Онцгой комиссын хурлаар оруулахаар боллоо. Улмаар Засгийн газар хуралдаж, батлах юм.