Өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг гарсан. Уг хэрэгт холбогдогчоор тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг баривчлан, цагдан хорьж шалгаж байгаа .
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг ч шүүх хурал болж, хэргийг шийдэж чадалгүй өнөөдөрийг хүрсэн.
Ялын зүйлчлэлийг тодруулбал, “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” хэмээн заасан.
Харин хэрэгт холбогдогчийг цагдан хорьсноос хойш 18 сарын хугацаа өнгөрч байгаа юм. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 14.10.2-т зааснаар Б.Махбалыг суллах хуульзүйн үндэслэл бүрдэж байна.
Тодруулбал, “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” хэмээн хуульчилсан байдаг.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан 18 сарын хугацаанд хэргийг шүүхээр шийдэж чадаагүйн учир холбогдогчийг цагдан хорих боломжгүй, гадуур байцааж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэх юм байна.