Засгийн газрын хуралдаанаар 2019 оны НӨАТ-ын үндэслэн ард иргэдэд төлсөн НӨАТ-аас 20 хувийг нь буцаан олгох шийдвэрийн дагуу нийт 184 тэр бум төгрөгийг НӨАТ төлөгчид маань эргүүлэн олгоно. Өнгөрсөн жилтэй харьцуулахад буцаан олголтын хэмжээ 26 тэр бум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн жил 796 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголт авдаг байсан бол энэ жил 912 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголт авч байна. Энэ нь дунджаар 115 мянгаар нэмэгдсэн аж.
НӨАТ-ын буцаан олголтыг улирал болгон хийгдэнэ. Тэгэхээр 2020 оны эхний улиралын мөнгө ирэх нэг дэхь өдрөөс эхлэн олгогдоно.
НӨАТ-ын буцаан олголт авах 912 мянган иргэнээс 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн урамшууллыг эрсдэлтэй хэмээн үзэж нягталж байгаа аж. Эрсдэлтэй хэмээн үзсэн эдгээр иргэний дунд зочид буудалд ажиллаж байхдаа буудлаар үйлчлүүлсэн иргэдийн 80 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй 1000 гаруй баримтыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн, 600 гаруй сая төгрөгийн 175 баримтын мэдээллийг хууль бусаар олж бүртгүүлсэн, импортоор оруулж ирсэн автомашинаа борлуулахдаа төлбөрийн баримт өгдөггүй байсан бөгөөд гаалийн байгууллагад төлсөн НӨАТ-ын дүнд тааруулан жилийн эцэст баримт хэвлэж өөрөө болон харилцан хамаарал бүхий этгээдүүдээр бүртгүүлсэн зэрэг зөрчил гарчээ.
НӨАТ-ын буцаан олголтоо шууд авахгүйгээр төрийн үйлчилгээнүүдээ төлөх боломжийг ирэх улирлаас бүрдүүлнэ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2019 онд улсын төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Үүнтэй адил иргэдийн буцаан олголт нэмэгдэж байна. Иргэд баримтаа бүрдүүлж, нэхэж авах, бүртгүүлэх ажилд идэвхтэй байгаад баярлаж байгаагаа илэрхийлье. НӨАТ-ын буцаан олголтоо шууд авахгүйгээр төрийн үйлчилгээнүүдээ төлөх боломжийг ирэх улирлаас бүрдүүлнэ. НӨАТ-ын орлогоор төрийн үйлчилгээний төлбөрүүдийг төлөх боломжийг ийнхүү бүрдүүлж байна" гэсэн юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цахим төлбөрийн баримтын систем ашиглахгүй байгаа аж ахуй эрхлэгчдийг системд хамруулах чиглэлээр татварын албанаас явуулж байгаа ажлыг дэмжиж, хамтран ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байна.