Бизнес өрөг нэвтрүүлгийн АНУ-аас бэлтгэсэн цувралын ээлжит ярилцлагыг хүлээн авна уу. Бид энэ удаа АНУ-ын Лос Анжелес хотод олон улсын тээвэр зуучлалын бизнес эрхэлдэг “DBN Carrier” компанийн үүсгэн байгуулагч, захирал Л.Баясгаланг онцолж ярилцлаа.
Оюутан байхдаа ажиллаж газраасаа суралцсан туршлагаа бизнес болгож, 10н жилийн хугацаанд гурван салбар компанитай болон хөгжжээ.
DBN Carrier компани “DBN Trans” тээврийн компани, “Allboys Motors” авто дилер компаниудтай, 23 ажилтантай.
Дэлхийн бүр орон руу тээвэр хийх эрхтэй бөгөөд Монгол, Хятад, Солонгос гурван улс руу ихэнх тээврээ хийдэг байна. Жилдээ 500 гаруй контэйнэр тээвэрлэдэг. 5-7 сая долларын борлуулалт хийдэг аж.
Бидний урилгыг хүлээн авч ярилцах болсонд баярлалаа.
Намайг урьж оролцуулж байгаад баярлалаа.
Та энд мастерт сурахынхаа хажуугаар ажиллаж байсан газраасаа одоогийн бизнесийнхээ суурийг тавьсан юм бана.
Гадаадад мастер хамгаалаад ирсэн хүнийг Монголд ямар ч газар боломжийн ажлын байран дээр авдаг шүү дээ. Яагаад сургуулиа төгсөөд Монгол руугаа шууд яваагүй юм бэ? Энд энэ салбарт бизнес эрхлэх ямар боломж харагдсан бэ?
Би Монголд “Хуульч эмэгтэйчүүдийн холбоо” –нд ажиллаж байгаад АНУ-ын Лос Анжелес хотод мастерт сурч төгссөн юм. Тэр ажилдаа дуртай болохоор сургуулиа төгсөөд явах гэж байсан. Тэгсэн таньдаг эгч маань Баясааа хоёулаа Монгол руугаа тээвэр хийх бизнес эхлүүлье. Солонгос Хятадууд үнийн хөөрөгдлөөр тээвэрлэж байна гэсэн санал тавиад анх энэ бизнес рүү орж байсан. Яг тухайн үед би тээвэр зуучлалын компанид ажиллаж байсан. Тийм болохоор бас их дөхөмтэй байсан. Одоогоос 11 жилийн өмнө гэсэн үг.
Ажлынхаа хажуугаар, гэрийнхээ нэг өрөөг оффис болгоод бизнесээ эхлүүлж байсан
Бизнесийн боломжийг олж хараад шууд эхлүүлэх бас амаргүй байсан байх. Яаж эхлэж байсан бэ? Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байв?
Бага зэргийн хөрөнгө босгох шаардлага тулгарч байсан шүү. Гэхдээ зуучлалын компанийн нэг онцлог нь бид зуучлагч учраас ийм хэмжээний хөрөнгө байх ёстой гэсэн зүйл байхгүй. Бид харилцаж байгаа компанитайгаа кредит буюу дараа төлбөрт тооцооны гэрээ хийж болдог. Хамгийн анхныхаа үйлчилгээг цаад газраасаа авчихаад эцсийн үйлчилгээгээ хүргээд дуусахдаа төлбөрөө авдаг. Тэр хооронд гэрээнийхээ дагуу чадвал урьдчилаад анхныхаа босгосон хөрөнгөөрөө төлнө үгүй бол дараа төлөх төлбөртэйгөөр үйлчлүүлэгчээсээ авснаараа төлбөрөө хийдэг байсан. Анх бол ийм зарчмаар эхэлсэндээ.
Өглөө 8:30-аас орой 5 хүртэл үндсэн ажилдаа явна. Орой ажлаа тарж ирчихээд 11, 12 хүртэл өөрийнхөө бизнесийг хийдэг байсан. Гэрийнхээ нэг өрөөг оффис болгоод л эхэлсэн дээ.
Одоо компани нь 23 ажилтантай, хоёр охин компанитай болчихсон юм байна. Хэдэн орон руу тээвэр хийж байгаа вэ?
Бид дэлхийн бараг бүх улс руу тээвэр явуулах эрхтэй. Мөн бүх улсаас тээвэр оруулж ирэх эрхтэй. Энэ дунд Монгол, Солонгос, Хятад улсууд руу голлон тээвэр хийдэг. Жилдээ 500 гаруй контэйнэр тээвэр явуулдгаас 350-400 контэйнэр нь машин ачигддаг. Бусад нь дэлгүүрийн бараа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд байдаг.
Эндээс ачигдсан машин далайн тээврээр яваад хэдий хугацааны дараа Монголд очдог вэ?
Нийтдээ 35 өдөр болдог.
Бизнесээ эхлүүлснээс хойш таван жилийн дараа дараагийн компаниудаа байгуулсан юм байна. Таван жилийн дотор бизнес нь тогтворжчихсон гэсэн үг үү?
Компаниа байгуулснаас хойш таван жилийн дараа авто дилер компани, Америк дотроо тээвэр хийдэг компаниудаа байгуулж байсан. Гурван компани маань хоорондоо уялдаатай бизнес болохоор нэг нь нэгнийхээ хөрөнгийг босгоод явчихдаг. Тээвэр зуучаас орж ирсэн орлогоороо дараагийнхаа тээврийн том машинаа худалдаж авах жишээтэй. Машин захиалга дээр бол биднээс хөрөнгө оруулалт их шаардагдахгүй. Үйлчлүүлэгч өөрөө захиалгаа өгөөд, бид эндээс машиныг нь авдаг учраас гайгүй.
Нөхөр нь нэг компанийг нь удирддаг юм байна. Та хоёр энд ирээд гэр бүл болж байсан уу?
Тийм. Бид хоёр энд танилцаж, гэр бүл болж байсан. Гэхдээ бие биенийгээ мэдээгүй хоёр талд сурч яваад 10-аад жилийн дараа танилцсан. Манай нөхөр манай үйлчлүүлэгч байсан.
Дандаа Монгол ажилтантай юм байна. Америкт хүмүүстэй уулзаж ярилцахад эрчүүдийн хувьд хамгийн өндөр цалинтай ажил бол тээврийн том машины жолооч хийх юм байна. Тэгэхээр цалингийн зардал бас өндөр үү?
Америкийн зах зээл тракчын нуруун дээр явдаг гэсэн үг ч байдаг. Баруун эрэг зүүн эргийн хотууд маш хол болохоор тээврээр л хүнс, бүх тээврүүд энэ том машинуудаар явна даа. Цалингийн хувьд тээврийн том машины жолооч өндөр цалинтай байдаг, татвар ч өндөр төлдөг. Манай ажилтнууд их тогтвортой ажилладаг. Ойлголцоход амар гэдэг утгаараа Монголчуудыгаа л ажиллуулдаг.
Олон улсад бизнес эрхэлж байгаа хүн тухайн улс орны онцлогийг маш сайн мэдэж байх ёстойг их өндөр үнээр ойлгож авч байсандаа
Бизнесээ эхлүүлснээс хойш санаанаас гарддаггүй сургамж авч байсан түүхээсээ хуваалцаач?
Тээвэр зуучийнхаа хажуугаар хот дотор машин тээврийн бизнесээ дөнгөж эхлүүлцэн байсан үе. Бид машин зөөдөг чиргүүл худалдаж авах хэрэгтэй болоод зараас хайхаар үнэтэй байв. Санхүүгийн боломж муу байсан болохоор аль болох хямд үнээр авчих гээд л. Тэгээд хайж байсан чинь хямдхан чиргүүл гараад ирлээ. Тэр нь канадаас ирж байгаа чиргүүл гэнэ. Зарах хүнтэй нь ярьж тохироод өөр хотод очиж чиргүүлээ үзээд авчихлаа. Харахад бол их л гоё чиргүүл байсан. Мөнгөө өгөөд авчихаад таньдаг хүмүүстэй харуулсан чинь битүү зэв идсэн чиргүүл авчихсан байж билээ. Тухайн үедээ 20-30 мянган доллараар гэдэг чинь 80 гаруй сая төгрөгөөр авч байсан. Тэгээд нэгэнт авчихсан зэвтэй чиргүүлээ авсан үнээсээ хоёр дахин зардлаар засварлаж авч байлаа. Гол нь бид Califoria-д халуун газар амьдардаг болохоор зэвний талаар огт мэдэхгүй. Канад битүү цастай газар болохоор зэвтэй байсан юм билээ. Тэрнээс хойш олон улс дамнасан бизнес эрхэлж байгаа болохоор тухайн газар орныхоо онцлогийг сайн судлах хэрэгтэй юм байна гэдгийг их өндөр үнээр ойлгож авч байсандаа.
Америкm зээлийн хүү бага байдаг нь бизнес эрхлэх бас нэгэн боломж
Энэ төрлийн бизнесийг Америкт хийж байгаагын давуу тал нь юу вэ?
Америкт хийж байгаагын давуу тал олон байгаа. Мэдээж Америк орон хамгийн өндөр хөгжилтэй орны тоонд ордог болохоор бизнес эрхлэх бүх таатай нөхцөл хангагдчихсан. Бизнес эрхлэх хууль эрхзүйн орчин гээд бүгд маш тодорхой байдаг нь том давуу тал. Богино хугацаанд хөрвөөд байдаггүй.
Мөн нэг чухал боломж нь санхүүгийн зээл авах нөхцөл нь сайн. Хариуцлагатай төлөөд байх юм бол хувь хүний болон компанийн санхүүгийн үнэлэмж болох кредит оноо нь өсөөд зээл авах боломж болон зээлийн хүү бага ирэх боломж их өндөр байдаг.
Та өөрийнхөө компанийн жишээн дээр ярьвал хэдэн хувийн хүүтэй зээл авах боломжтой вэ?
Америкийн бизнес зээл дотроо олон янз байдаг. Жишээ нь бэлэн мөнгөний зээлийн хувьд аль ч улсад өндөр байдагтай адил энд жилийн15-20 хувийн хүүтэй байдаг.
Манай компани дээр олгогдож байгаа ачаа тоног төхөөрөмжийн зээлийн хувьд жилийн 6- 8 хувийн хүүтэй зээл. Сараар нь хуваагаад авч үзвэл сарын 0.7-0.8 хувийн хүүтэй зээл гэсэн үг. зээл болчихож байгаа байхгүй юу. Тэгээд хийсэн гүйцэтгэлээрээ буцаад нөхөгдөх боломжтой.
Эмэгтэй хүн удирдахад эрсдэл ихтэй бизнес юм. Жишээ нь эдгээр том машинуудыг тээвэрт гаргачихаад араас нь санаа зовоод л сууж байдаг уу?
Манай бизнес эрсдэл маш их. Хүмүүсийн үнэтэй эд бараа, машин ачуулж явуулж байгаа учраас. Мөн Америк доторхи тээвэрт гэхэд тээврийн том машин нэг удаа тээвэрт явахад 5-10 хоногт 8000 гаруй км-т явдаг. Араас нь байнга санаа зовоостой л үлддэг. Нэг удаа бүр таван сая долларын шүүхийн торгууль ч авч байлаа. Гэхдээ сүүлдээ машин тоног төхөөрөмж эвдрэхийг тоодоггүй болчихдог юм билээ. Жолооч нар маань л зүгээр бол бусад эрсдлийг хөнгөн хүлээж авдаг болсон.
Ажлынхаа өрөөнд хүрд тавьчихаад санах үедээ жолооч нарын минь алтан шар зам өлзийтэй байг гээд л эргүүлчих нь . Энэ ажилдаа уг нь дуртай. Гэхдээ эрсдэл гарахаар бага хэмжээн дээр барьдаг ч юм уу, энэ бизнесээс бүр гардаг ч юм билүү гэж бодох үе байна. Тэр үед манай нөхөр ямар ч бизнес хийхэд эрсдэлтэй байна шүү дээ гэж тайвшруулдаг юм. Манай нөхөр байгаагүй бол тээврийн бизнесээс бол гарчихсан байж магадгүй л байх.
Гэхдээ өөрийнхөө үндсэн 18 тайгаасаа хойш сонгоод сураад төгсчихсөн эрх зүйч мэргэжлээрээ ажиллах юмсан гэж бас их бодддог.
Жолоочоо яаж сургадаг вэ?
Жолооч нар Америкийн тээврийн газрын тусгай сургалтанд сууж мэргэжлийн лиценз авдаг. Мөн бид компанидаа шинэ жолооч аваад дагаж явж бас сургана.
Бизнесийн эрсдлийг нь даатгалаар хааж байгаа байх. Америк улсад даатгал маш сайн хөгжсөн байдаг юм байна?
Бүх зүйл даатгалтай байна. Бид хоёрын зогсож байгаа газар хүртэл даатгалтай. Жолооч, машин, ачаа гээд бүгд даатгалтай. Бид энэ жил эрсдлээ багасгах үүднээс машинуудынхаа парк шинэчлэл хийж бүх машинаа сүүлийн оных болгож байна.
2020 оны тээврийн том машины үнэ хэд вэ?
300 гаруй мянган долларын үнэтэй гэдэг чинь 900-аад сая төгрөг гэсэн үг.
Нөгөө талдаа даатгал нь бизнесийн том зардал болж байдаг уу?
Тэгдэг. Эдгээр бүх даатгал тус бүртээ үнэлэгээтэй, сар болгон төлөх журамтай. Даатгал нь тухайн компанийн санхүүгийн чухал үзүүлэлт болдог.
Америкт ирээд аяга угаагчаас эхлээд олон ажил хийж үзэж “хүн” болсондоо
Эх орноосоо гараад хүн амьдралыг, улсаа өөрөөр харж эхэлдэг. Энд ирээд таны харах өнцөг, сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөж байсан бэ?
Энд ирээд ажил намайг хүн болгож, хүмүүжүүлсэндээ. Би Монголд оюутан байхдаа ажил хийж огт үзээгүй. Ер нь тэр үед Монголд тийм ойлголт бараг байгаагүй. Ээж аав төлбөр төлөөд бүх юм бэлдээд өгчихдөг байсан. Энд ирээд л сургалтынхаа төлбөр, амьдрах зардлаа олохын тулд хамгийн багаас нь эхлээд аяга угаагч, үйлчлэгч гээд олон юм хийсээн.
Монголд 10 жил болчихсон бизнес өөр салбарт орж ашгаа хуваарилдаг. Зах зээлийн онцлогоос шалтгаалаад энэ нь бараг дүрэм болж байна. Та өөр салбарт бизнес хийе гэсэн төлөвлөгөө байдаг уу?
Энэ салбартаа бизнесээ цогцоор нь хөгжүүлнэ гэж зорьж ажиллаж байна. Агаарын тээвэр хийдэг болно гэж төлөвлөж байгаа. Үйлчлүүлэгчийн хүсч байгаа бүхнийг багтаасан компани болно гэж боддог. Компани маань 10 жил болчихсон, тогтворжчихсон ч гэсэн бид төлөвлөсөн потенциалдаа арай хүрээгүй байна. Гэхдээ Монголдоо хэд хэдэн салбаруут бизнес хийх талаар судалж байгаа.
Та бүхэнд амжилт хүсье. Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх линк: https://www.youtube.com/watch?v=vbLHVavj2H8