Коронавирусийн дэгдэлтээс үүдэж ОХУ Монголтой хиллэдэг хилээ хааж, БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова мэдэгджээ.
"Хил хамгаалах газрын мэдээлэлд үндэслэн БНХАУ-ын иргэдийг Монголтой хиллэдэг хилээр нэвтрүүлэхгүй" хэмээн коронавирусийн дэгдэлтийн асуудлаар хуралдах үеэрээ мэдэгдсэн байна.
Орост коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд халдвар авсан хоёр хүн Хятадын иргэд ажээ.
Үүний дараа Ерөнхий сайдын орлогч энэхүү өвчний дэгдэлт үүссэн Хубэй мужаас иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр болсон тухай зарлажээ.
Түүнчлэн Хятадын иргэдэд ажлын виз олгохыг хориглож, агаарын харилцаагаа хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү хоригт Бээжин, Шанхай, Гуанжоу, Хонконг нисэх "Аэрофлот"-ын нислэгүүд болон Москва чиглэлийн Хятадын дөрвөн авиа компанийн нислэг багтаагүй байна.