УИХ-ын гишүүд Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлж болохгүй гэсэн тул түдгэлзүүлэх асуудлыг шийдэв. Санал хураалтад 42 гишүүн оролцож, 37 гишүүн дэмжиж 88.1 хувийн саналаар Н.Номтойбаярыг түдгэлзүүллээ.
Уг тогтоолын төсөл батлагдсанаар Н.Номтойбаярын гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоох хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа юм. Шүүхээс түүнийг гэм буруугүй гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь сэргээнэ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү нар үг хэлэв.
Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Гишүүний бүрэн эрхийн асуудлаар Ерөнхий прокурор саналаа оруулаад, их хурал нууцаар санал хураалт явуулаад шийдвэр гарчихсан. Үүнийг хянаж, бүр хүндрүүлсэн хэлбэрээр энэ хүнийг явуулж болохгүй. Чөлөөлнө гэдэг чинь бүр мөсөн явуулахыг хэлнэ. Түдгэлзэнэ гэдэг чинь буруугүй бол буцаад бүрэн эрхээ эдлэх асуудал. Цаад тал нь сонгогчид бий. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах, будлиулах, жишиг тогтоох гэж байна. Их хурлын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой. Маргааш их хурлын, ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахаар ингэж хянах юм байна л даа. Аюултай юм хийлээ. Төрийн эргэлт, ордоны хуйвалдаан маягийн юм хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш ээ. Зарчмын асуудал шүү дээ. Үндсэн хуулийн асуудал. Хаа ч хэзээ ч ийм юм байдаггүй за. Чөлөөлөгдөх байсан юм бол прокурор асуудал тавихаас өмнө чөлөөлөгдөөгүй яасан юм. Та нар хамгаалж байгаа биш янаглан хорлох ажил хийж байна шүү. Би энэ хуйвалдаанд чинь оролцохгүй. Би энд байгаа цагт ордны энэ хуйвалдаанд орохгүй. Одоо больцгоо. Би тэр Н.Номтойбаяр гишүүнд хүний ёсоор ний нуугүй өөдөөс нь харж сууж байгаад хэлсэн. Их хурлыг удирдаж байгаа хүн ийм юм хийх ёсгүй шүү. Энд байгаа гишүүд хожмын урхагтай ийм юманд битгий оролц. Би хамгаалж энийг ярьж байгаа юм. Шалгуулчихаад буруугүй бол эргээд ирж ажлаа хий. Энэ их муухай юм явж байна шүү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энд уурлаад бухимдаад аймаар том юм яриад, Монгол сүйрэх гээд байна, Их хурлын сонгуулийг авах гээд байна гээд попрох хэрэггүй ээ. Болсон зүйлсийг ард түмэн харж байгаа. Миний харснаар нууц санал хураалт авсан. Нууц санал хураалтаар бол Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх нь зөвөө гэж гарсан. Энийг баталгаажуулъя гээд хоёр гурван удаа санал хураалт явуулахад баталгаажуулж чадаагүй. Энийг Н.Номтойбаяр хараад надаас болоод их хурал гацаад яах вэ? Би өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгдье гээд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Чөлөөлөгдөх өргөдөл нь сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор 14 хүний ирцтэй бүрдсэн. Ийм л юм байгаа. Одоо чөлөөлөгдөх тогтоолыг хэлэлцэхийн тулд ирцээ бүрдүүлээд дүрмээрээ явах нэг арга байна. Үгүй бол түдгэлзүүлэх тогтоолоо баталгаажуулаад явах бас нэг арга байна. Сонгууль дөхөөд ирэнгүүт Монгол улсын хууль бол БИ гээд ойлгочихсон Монгол улсын хэмжээнд байгаа бүхнийг өөрийгөө гээд бодчихсон. Н.Энхбаярыг шоронд хийдэг шигээ бүх хүний аргыг нь олох гээд ядчихсан.