Коронавирусын дэгдэлттэй, улс орнууд хөл хорио тогтоосон байгаа үед Монгол улс олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, сургууль, цэцэрлэг хаагаад байна. Мөн ханиад томууны ч дэгдэлт их байгаа тул маск, гар ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнүүд олдоц багатай, хүмүүс хүнсний бүтээгдэхүүнүүдээ нөөцлөөд зах худалдааны төвүүд ачаалал ихтэй байна.
Одоогоор зургаан компани энэ үед барааныхаа үнийг нэмэхгүй гэсэн мэдэгдэл гаргалаа.
- “Монос групп”-ийн Гүйцэтгэх захирал Х.Ананд
"Бид маскны үнээ огт нэмэхгүй, хуучин үнээр нь худалдаална. Гэхдээ манайд нийлүүлж буй импортлогч компаниуд эсвэл цаад үйлдвэр үнээ нэмбэл бид яах ч аргагүй нэмэх байх. Моносын эмийн сангуудаар одоогоор 10 гаруй төрлийн маск худалдаалж байна. Вирусээс хамгаалахын тулд зөвхөн эмнэлгийн нэг удаагийн маск болон N95 маскыг л зүүгээрэй " гэсэн юм.
- Улаанбаатар гурил ХХК
Коронавирусын мэдээлэлтэй холбоотойгоор гурил, хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэглэгчдийн дунд зохиомлоор өсөж, тасалдах вий гэсэн болгоомжлол үүсэж байна. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар Гурил” ХХК-ийн хувьд буудайн нөөцтэй байгаа тул үйлдвэрээ тогтвортой ажиллуулж, “Улаанбаатар” гурилыг зах зээлд тасалдалгүй нийлүүлэх бүрэн боломжтой бөгөөд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй, нэмэхгүй болохоо мэдэгдэж байна.
- Өгөөж
“Өгөөж чихэр боов” ХХК нь ямар ч нийгэм, цаг үед ард түмнээ эрүүл, чанартай хүнсээр хангах үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн үндэсний ууган үйлдвэр билээ. Шинэ коронавирусийн талаарх мэдээлэлтэй холбогдуулан иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл бий болж магадгүй гэсэн болгоомжлол үүсч, их хэмжээгээр нөөцөлж байгаа учир “Өгөөж чихэр боов” компанийн хувьд үйлдвэрлэл хэвийн ажиллах түүхий эдийн хангалттай нөөцтэй, бүтээгдэхүүний хомсдол, тасалдал үүсгэхгүйгээр нийлүүлэх боломжтой, үнээ нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
- Оргил худалдааны төв
Коронавирустай холбоотой мэдээллүүдийн улмаас зах зээлд хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний зохиомол эрэлт үүсч, хэрэглэгчдийн дунд нийлүүлэлт тасрах болгоомжлол бий болоод байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний сүлжээ Оргил худалдааны төвийн хувьд бүх нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нөөц, хангалттай байгаа бөгөөд салбар дэлгүүрүүддээ хэвийн тогтвортой нийлүүлэлт хийн ажиллаж ямар нэгэн үнийн хөөрөгдөл явуулаагүй, цаашид ч зах зээлдээ хамгийн хямд үнийн бодлогоо баримтлан хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна.
- Тавин ус
Тавин ус эмийн сангийн ямар нэг бүтээгдэхүүн дээр үнэ нэмэгдээгүй.
- Талх Чихэр ХК
Нийгэмд цочрол үүсгээд байгаа коронавирустэй холбоотойгоор хэрэглэгчдийн дунд хүнсний бүтээгдэхүүний эрэлт зохиомлоор үүсээд байна. Олон улсын стандартыг нэвтрүүлэгч “Талх Чихэр” ХК-ийн хувьд хангалттай нөөцтэй тул үйлдвэрээ тогтвортой ажиллуулж, талх нарийн боов гурилан бүтээгдэхүүнийг зах зээлд тасралтгүй нийлүүлэх боломжтойгоос гадна үнээ нэмэхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.