Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Парламентын мэтгэлцээний үндэсний аварга шалгаруулах 11-р тэмцээн өнөөдөр /2020.01.25/ Төрийн ордонд эхэллээ. Энэ жилийн тэмцээн “Үндсэн хууль ба Үндэсний язгуур эрх ашиг” уриан дор болж байна. 11 дэх тэмцээнийг УИХ-ын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, НЗДТГ хамтран зохион байгуулсан байна.
Мэтгэлцээнийг нээж УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Одоо дагаж мөрдөх хуулиудыг бэлтгэн, хэлэлцэх гэж байгааа энэ үед оюутан, залуучууудын энэхүү мэтгэлцээн болж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.
2008 оноос хойш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хиийх гэж хэд хэдэн оролдлого хийсэн байдаг. Үүнээс хойш 11 жилийн үйл явцыг харахаар Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг амаргүй ажил, Үндэсний зөвшилцөл юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ажилд манлайлан оролцохдоо төрийг бэхжүүлэх тухай асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал. Улсын Их Хурал бол ард түмний төлөөллийн байгууллага гэдгийг хэлсэн үгэндээ дурдлаа.
Энэ удаагийн мэтгэлцээн Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх нь зөв, Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгодог болох нь зөв, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах нь зөв, Үндэсний баялгийн санг байгуулахдаа Норвегийн загварыг баримтлах нь зөв зэрэг 15 шийдлийн хүрээнд өрнөж байна.
Тэмцээн 2 өдөр үргэлжилж маргааш аваргаа шалгаруулах бөгөөд 48 багийн 96 оролцогч өрсөлдөж байна хэмээн УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.