н.Баттогтохын бичсэн Parasite киноны Review-ийг хүргэж байна
Bong Joon Ho найруулагчийн 7 дах бүрэн хэмжээний бүтээл Parasite Каннын наадмын гол шагнал, Алтан Бөмбөрцөг гэх мэт бүхий л том шагналуудыг авсаар одоо Оскарын бариандаа орохоор зэхэж, шагналын марафоноо амжилттай үргэлжлүүлж явна. Уг киноны талаар хэлэлцэх, магтах кино сонирхогчдийн яриа ч намжих шинжгүй байна. Яг өмнө жил Parasite -тай ижил утга санаатай, бас нэгэн гэр бүлийн түүх болох Японы Shoplifters кино мөн адил Каннын шилдэг болж Оскарт нэр дэвшсэн ч Parasite шиг олныг хамарч хараахан чадаагүй. Parasite -ийн амжилт мэдээж нийгмийн асуудлыг хөндөхдөө дэлгэцийн гоо зүй, кино хэлээ алдахгүйгээр төгс бүтээл хийж болно гэж харуулсанд бий. Bong Joon Ho ч барууны кино сонирхогчдийн танил нэр болоод, Холливүүдийн одуудтай хамтарч ажиллаад удаж байгаа. Солонгост кино урлаг хөгжөөд 100 жил болсны ой 2019 онд тохиосон тул Солонгосын давлагааны түлхэц ч бий байх. Түүний бүтээл Солонгосоос хальж төрөл бүрийн үзэгчдэд таалагдаад байгаа шалтгааны талаар Bong Joon Ho хэлэхдээ “Би зөвхөн Солонгосын соёлын онцлогтой мэдрэмжийг илэрхийлэхийг зорьсон боловч олон орны үзэгчид бүгдээрээ бараг нэг сэтгэгдэлтэй хүлээж авч байхыг харлаа. Үнэндээ бид Капитализм хэмээх нэг л улсад амьдардаг юм байна гэдгийг би ойлголоо” гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ. Мөн Австралид болсон нэгэн үзвэрийн дараа үзэгч түүнээс “Киноны утга нь яг юу юм бэ? Хэн нь шимэгч юм бэ?” гэж асуухад тэрээр “Энэ зүгээр л нэг бүлийн тухай кино л доо” гэж хариулж. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ тайлбарлах дургүй, утга санаа нь хамарных нь үзүүр дээр байхад олж харахгүй байхад бүүр ч дургүй. Хэрвээ Bong -ийн өмнөх бүтээлүүдийг үзэж байсан бол энд тодорхой үзэл санааны давтамж байгааг харж болно. Snowpiercer дээр гарах дэлхийн дулаарал, ангийн систем, Okja дээр гарах хүн амын өсөлт, хүн байгалийн баланс, корпорацын шунал, өмнөх үеийн кинонууд дээр гарах өшөө авалт, mystery элемент, санаанууд бүгд Parasite -д бий. Гэхдээ энэ бүх санаанууд хэтэрхий нэг талыг барьсан, зорилгоо тодотгохын тулд орилсон биш мяндсан. Bong -ийн сүүлийн үеийн кинонуудад ажиглагдах болсон энэ үзэгдлийг мөн олон жанрыг нэг дор хослуулдаг арга барилынх нь хамтаар зарим хүмүүс зоригтой биш, дэвшүүлсэн санаагаа амархан булшилдаг гэх мэтээр шүүмжилдэг тал ч бий.
Кино эхлэхэд Kevin хэд хэдэн удаа давтаж “It’s all so metaphorical” гэж хэлдэг. Эндээс л найруулагч бидэнд энд олон зүйрлэл, метафор, давхар далд санаа байгаа шүү гэдгийг шууд анхааруулж байгааг харж болно. Parasite -г үзээд ангийн систем гэдэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөнө гэдэг байж боломгүй зүйл, яагаад гэвэл энэ бол киноны далд утга буюу саб текст биш харин үндсэн санаа, үндсэн текст нь. Snowpiercer -ийг үзээд галт тэрэгний ард буй хүмүүс урд талд очихын тулд тэмцэлдэж байгаа гоё зодоонтой кино гэж хэлэхгүйтэй адил Parasite -ийг нэг гэр баяжихын тулд нөгөө гэр бүлийг хуурч байгаад баригддаг кино хэлж болохгүй, 10 настай хүүхэд эсвэл ямар ч өнөө цагийн эдийн засаг, улс төр, тэгш бус байдлын мэдлэггүй хүн л тэгэж хэлж магадгүй байх. Киноны санааг илтгэх дүрслэлүүд 2 цагийн турш битүү гарна, шатаар дээш доош өгсөх, ингэж өгсөх доошлох тутам амьдралын чанар өөрчлөгдөх, хэзээ ч үл салж чадах, уг гарлыг нь нотлох үнэр гэх мэт.
Гарчигнаасаа эхэлцгээе. Эхний ээлжид мэдээж Кимийн гэр бүл нөгөө гэр бүлээ хуурч Паркийн гэр бүлийг шимэгчилж байсан, киноны эхэнд жоом мэт газар доор хорт шавжны утлага дунд амьдарч байсан, хүүхдүүд нь үнэгүй Wi-Fi хайж гүйлдэхийг үзвэл Шимэгч нь Кимийн гэр бүл гэж хэлж болно. Гэхдээ киноны нэр/гарчиг Parasite буюу ганц тоон дээр байгаа, Parasites биш. Кимийн гэр бүл "ганцаараа" биш, шимэгчлэл аль аль талд бий гэдгийг илтгэх олон энгийн деталиуд бий. Пиццаны хайрцаг хүлээн авдаг хүн “эвхсэн хайрцагны чинь 25 хувь нь буруу байна” гэж цалингаас нь хасахыг оролдовч яг үнэндээ пиццаны газар өөрсдөө цагийн ажилтан хөлсөлж аваад хийлгэх чадалгүй болоод хямдаар Кимийн гэр бүлээр хийлгэсэн байдаг. Ажиллах хүч хэрэгтэй ч түүнийгээ цалинжуулж чадахгүй, буруу ч болтугай хямдхан хийлгэдэг, тэгсэн мөртлөө давхар брэнд имиждээ санаа зовно. Кимийн гэр бүл үнэгүй Wi-Fi хайж явсны шалтгаан нь YouTube-ээс бичлэг үзэж суралцах, хайрцаг эвхэх чадвараа сайжруулах байдаг гэх мэт эхний 10 минут дотор л гэхэд жижиг, үл анзаарагдах мэт боловч киноны үндсэн санааг хүчитгэх олон зүйлс бий…
Энэ харилцан шимэгчлэлийн харилцаа нь өнөөгийн тогтсон эдийн засгийн системээс нийгмийн бүлгийн бүхий л гишүүдэд тулгах бүтэц. Энэхүү систем нь өөрөө хуурамч байдал, hustle culture -ийг шаарддаг. Системийн бүтцээс гадуур явах боломж хэнд ч байхгүй. Неолиберал дэглэмд амьдрах хүмүүс бид эзэн биегүй, амжилтын субъект төдий болон хувирчээ. Consumerist соёлын манлай нь байх ёстой гэсэн ил далд, хором бүрийн шаардлага дор амьдардаг тул бид ямагт балиар өөдрөг, үргэлж бүтээлч, ханахгүй шуналтай, hustler, grinder, хуурагч, цуглуулагч нэгжүүд болохоос өөр аргагүй. Өөрийнх нь нэг хэсэг, эрэг шураг болоогүй бол энэ систем чамд юу ч өгөхгүй, яагаад гэвэл систем аль хэдийн бүхнийг сороод авчихсан, бүгдийг удирддаг. Бүхнээс бүгдийг сорогч энэ систем нь капитализм. Капитализм бол Шимэгч.
Kevin/Ki-Woo дээрх аргаар л анх ажилдаа тэнцдэг. Тэр үнэхээр мундаг англи хэлний багш байх албагүй, нөгөө талаа итгүүлэх хэмжээний hustler байхад л хангалттай. “Fake it till you make it” бол инстаграм, энтрепренёр, hustle culture-аар симболчлогсдон бидний өнөө цагийн уриа үг. Kevin ч хуурамч диплом аваад явж байхдаа “одоо л хуурамчаар хэвлэж байгаа болохоос, дараа жил жинхэнээсээ сургуульд нь орно” гэж хэлдэг. Найзынх нь хэлснээр Kevin ямар ч их сургуулийн оюутнаас 10 дахин дээр англи хэл зааж чадна. Jessica фотошопоор хуурамч диплом хийх хэмжээний чадвартай, сэтгэцийн хүнд цочролтой бага насны хүүхдийг асрах, үгэндээ оруулах хэмжээний авьяастай. Аав Ким хатуу бөгөөд онцгой шаардлага тавьдаг Парк захирлыг итгүүлэх, тав тухыг нь хангах хэмжээний сайн жолооч. Ээж Ким дээд зиндааны айлын өдөр тутмын хоол, зуушийг бэлтгэх, гэрийг цэвэрлэх чадвартай, огт хийж үзэж байгаагүй хоолоо 8 минут дотор хийж чадна. Ийм чадвартай хүмүүс яагаад өмнө нь ажилгүй байсан бэ? Яагаад заавал дүр эсгэж байж энэ чадвараа гаргах боломж олдов? Яагаад өөрсөдтэйгөө ижил ажилчин ангийн хүмүүсийг зүй бус үйлдлээр зайлуулан байж энэ боломж нь тэдэнд олдож байна?
Киноны эхэнд Кимийн гэр бүлд бэлгээр ирдэг Чулуун Бонсай нэг талаараа баян сайхан амьдралын билэгдэл, итгэл найдварыг илтгэх боловч давхар ажилчин ангийнхан хоорондоо class solidarity буюу ангийн нэгдэлгүй, нэг нэгэн дээрээ дэвсэлж дээш гарч байгааг илтгэнэ. Гэрийн үйлчлэгчийн бодит байдал нь илчлэгдсэний дараа үйлчлэгч Ээж Кимээс, ажилчин ангийнхан нэгнээ comrade, brother гэж дууддагийн адилаар “sister/эгчээ та ч бас надтай адил ажилчин хүн, цагдаа битгий дуудаач” гэхэд “намайг эгчээ гэж битгий дуудаад бай, би ядуу хүн биш” гэж уцаарлана. Тэдэнд нэгэндээ туслах хүсэл, өөртэйгөө адил нөхцөл байдалтай хүн гэж харах хүсэл байхгүй. Хамгийн түрүүнд өөрсдийн амиа л борлуулах шаардлагатай. Чулуун Бонсайг бэлгэд авч энэ бүхний эхлэл болсон хүн нь хүү Kevin боловч тэр хамгийн их class solidarity -тай нь. Баян айлын охинтой гэрлэж, байшин хадмынх нь гэр, магадгүй ирээдүйд өөрийнх нь болно гэсэн мөрөөдөл тээх боловч тэр хэзээ ч үнэхээр энэ баян гэр бүлийн гишүүн болж чадахгүй гэдгээ далд ухамсартаа мэддэг. Төрсөн өдрийн үдэшлэгийг дээрээс ажиглаж зогсож байхдаа өөрийгөө энэ орчинд хэзээ ч бүрэн уусаж шингэж чадахгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг.
Киноны хамгийн гүн сэтгэгдэл үлдээх харилцан яриа үерийн дараа, хоргодох зааланд аав хүү хоёрын дунд болно. Kevin “энэ чулуу надад шүгэлсэн” гэж хэлдэг. Мөн аавынх нь хэлснээр энэ зааланд байгаа бүх хүн л өөрсдийн гэсэн мөрөөдөл, төлөвлөгөөтэй, баян сайхан амьдралыг хүсдэг. Гэхдээ л одоо бүгдээрээ гэр оронгүй болоод шалан дээр унтацгааж байна. Амьдрал төлөвлөснөөр болдоггүй, хэн ч ядуу болж төрнө, энэ чигээрээ үлдье гэж төлөвлөдөггүй. Ким шиг олон зуун гэр бүлийн хувьд ганц шөнийн бороо л бүх төлөвлөгөөг нь нураана. Гэхдээ л систем биднээс алддаггүй, үргэлж төлөвлөгөөтэй байхыг шаардана, дарамтлана. Яагаад гэвэл систем ажиллахын тулд зарим хүмүүс алдах хэрэгтэй, зарим хүмүүс шатны доор байх хэрэгтэй, Парк захирлын шатны гэрлийг асааж өгдөг хүн газар доор байх хэрэгтэй.
Чулуу Kevin-д амжилт, баян тарган амьдралыг амлана мөн давхар түүнээс шаардана, “чи сайхан амьдарч болно оо, гэхдээ тодорхой нөхцөл байдалд, А, Б, В -г хийх юм бол! Тиймээс чи А, Б, В -г хийх ёстой! Тэгвэл чи авч чадна!” Түүнд шүгэлсэн энэ итгэл нь эргүүлээд түүний ухамсрыг үгүй хийнэ, шууд утгаараа, чулуу тархийг нь бяцална. Дүр эсгэж баячуудын дунд багтаж чадахгүй гэдгээ ойлгосон, хайртай охин нь үлдээч гэж гуйсан ч доошлох ёстой, доор өөртэй нь адил хүмүүс хүлээстэй байгаа, тусламж хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа Kevin харамсалтай нь хэтэрхий оройтож. Ангийн тэмцэл, ангийн дотоод тэмцэл аль хэдийн эхэлсэн, хуурамч амлалт тээсэн чулуугаа авч доошлох хэрэггүй байж. Бусад дээр гишгэлж дээшилснийхээ үр дүнд өөрөө итгэл найдвартаа толгойгоо даруулав. Киноны төгсгөлд тэрээр чулууг усанд живүүлж байгаа нь чулууны бэлгэдэл болсон баян сайхан амьдралын үзэл санааг өөрийн ухамсартаа үүрд суулгаж байгаа мэт. Чулуу тархийг нь бяцлаад зогсохгүй, ухамсарт нь шингэжээ.
Түүнд одоо class solidarity-тай байх, өөртөө эргэлзэх сонголт үлдсэнгүй, ямар ч аргаар хамаагүй баян болох, байшинг худалдаж авах, аавыгаа аврах л сонголт л үлдэж. Гэхдээ ганцхан үлдсэн сонголт бол сонголт биш. Чулуун дороос гарч боловсрол, гэр бүл, хайр, зорилго, үнэн, утга учрыг хөөх биш чулууг тээж, өөртөө шингээж яадаг ч байсан байшинг авч чадах хэмжээний баян болоход өөрийгөө бүхэлд нь зориулахаар болно гэж тэр хэлнэ. Харамсалтай нь энэ төлөвлөгөө нь хэзээ ч биелшгүй хоосон найдвар, өөрөөс нь үл хамаарч бичигдсэн системийн төлөвлөгөө гэдэгт итгэж чадахгүй өөрийгөө тайвшруулж буй зүүд төдий. Kevin шиг их сургууль төгсөөгүй, гэмт хэргийн бүртгэлтэй, тархины гэмтэлтэй хүн Солонгос шиг late stage capitalism-н жишээ болсон газар амжилтад хүрэх бараг боломжгүй. Киноны сүүлийн хэсэгт Kevin байшинг худалдаж авч, аавыгаа чөлөөлөхөд хэн ч хөгшрөөгүй байгаа, тэдний хооронд ямар ч диалог байхгүй, гэгээн зүүд мэт гэрэлтэй дүрслэлээс эргүүлээд харанхуй подволдоо суух Kevin-ий бодит дүрс рүү шууд шилжээд кино дуусаж байгаагаас энэ үзэгдэл бол зэрэглээ төдий гэдэг нь ойлгомжтой. “Цаг нь ирэхээр та шатаар өсөхөд л хангалттай” гэж хэлэх авч бодит байдал дээр social mobility буюу нэг ангиас нөгөө анги руу дэвших үйл явц тийм ч амархан биш, магадгүй тэр цаг хэзээ ч ирэхгүй аж. Харин шатаар улам доошлоход бол ганц шөнө л хангалттай.
Киноны төгсгөлд явах дууны үгийг найруулагч Bong өөрөө бичиж, Kevin -ий дүрийг бүтээсэн жүжигчин Choi Woo Shik дуулсан ба дууны анхны нэр нь “564 жил” байжээ. Учир нь Kevin өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, цалингаа хурааж, байшинг худалдаж авахын тулд Солонгосын дундаж цалингаар энэ хэмжээний урт хугацаа шаардлагатай. Найруулагч Bong хэлэхдээ түүний кинондоо шүүмжилсэн тэгш бус байдал түүний үед, эсвэл түүний хүүгийн үед ч өөрчлөгдөж сайжрахгүй, магадгүй 564 жил болохвий гэж айж байна гэжээ.
Дурдахгүй өнгөрүүлж болохгүй хоёр сабтекст байна, гялс дурдчихъя.
Империализм — Кимийн гэр бүл Өмнөд Солонгосыг, Гэрийн үйлчлэгчийн гэр бүл Хойд Солонгосыг, Паркийн гэр бүл Америкийг төлөөлнө. Солонгосын дайны дараа Өмнөд Солонгос Америкийн цэрэг, зэвсэг, тусламж, Marshall Plan — аас дутахгүй халамж дор амьдарч байсныг нь нэг талаараа шимэгчлэл гэж хэлж болно. Үйлчлэгчийн гэр бүл Кимийн гэр бүлийн бичлэгийг хийж сүрдүүлэхдээ “send” товчоо яг л Хойд Солонгосын пуужин шиг юмаа хэмээн зүйрлэдэг, гэрийн үйлчлэгч Хойд Солонгосын телевизийн хөтлөгчийг дуурайж ярьж байгаа зэрэг тодорхой зүйлс бий. Үйлчлэгчийн гэр бүл нэг нүүрээрээ баруунд үйлчилж, тусламж, хөлс авах ч доороо ядуурал, цөмийн зэвсгээ нууна. Үйлчлэгчийн нөхөр Ким Жонг Ун даргадаа мөргөж байгаа мэт Парк захиралд өдөр бүр мөргөнө. Дайн болоход үйлчлэгчийн гэр бүл өөрсөдтэйгөө адил угсаа гаралтай Кимийн гэр бүл рүү дайрч тэмцэлдэнэ. Америкчуудыг төлөөлөх Парк захирлын хүү Индианчуудын соёлд дуртай. Нэгэнт эзэнтэй байсан байшин/нутгийг хүчээр өөрсдийн болгох гэж оролдох гэх мэт элементүүд бий. Мөн сэтгэлгээний империализм. Баян эзэгтэйд ажилчид нь яг үнэндээ ямар сургууль төгссөн байх нь хамаагүй, Harvard, Stanford ч гэж хэлэх албагүй, Америкт л төгссөн, Иллиной гэж нэг мужийн нэр хэлэхэд л хангалттай шууд ажилд авна. Хүүгийнх нь майхан Америкаас авсан тул ус нэвтрэхгүй гэж итгэнэ. Basquiat гэх мэт контемпорари уран бүтээлчдийг хүүтэйгээ зүйрлэх боловч нэрийг нь мэдэхээс цаашгүй, art therapy гэсэн үг оролцуулахад л амархан хууртана гэх мэт.
Уур амьсгалын өөрчлөлт — Bong -ийн өмнөх кинонуудад гарсантай адил цаг уурын өөрчлөлт гэсэн сэдэв Parasite дээр ч бас хөндөгдөнө. Баян, ядуу гэр бүлүүдэд энэ гамшиг хэрхэн өөр өөрөөр тусч байна, нэг шөнийн аадар бороо баян гэр бүлийн хувьд зугаалга нь цуцлагдах төдий нөлөөлж байхад ядуу гэр бүл өөрт байгаа бүхнээ алдаж, амьдрал нь орвонгоороо эргэнэ. Өндөрлөгт амьдрах тоймгүй хэрэглээтэй цөөн иргэд нисэж, зорчиж, идэж, халааж, хэрэглэсний зардлыг нам газар доорх ядуу иргэд л хамгийн түрүүнд шууд амсана.
Эх сурвалж: Medium.com