Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 23-24 ний шилжих шөнө Тагнуулын Ерөнхий газар ажилладаг ажилтнуудыг хүн дээрэмдсэн хэргээр баривчлажээ.
Их хэмжээний бэлэн мөнгөтэй явж байсан ОХУ-ын иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэргийг тагнуулын байгууллагын ажилтнууд үйлдсэн гэдгийг эх сурвалж батлалаа.
ОХУ-ын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорт танилцуулагдаад явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгөх боломжтой" гэв.