Нэгдүгээр сарын 23 –ны өдрийн Бээжин-УБ-Москва чиглэлийн галт тэргээр ирсэн 20 гаруй зорчигчдоос Коронавирус илэрсэн байж болзошгүй гэж үзэн тэдгээр иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлан аваачиж шинжилгээнд хамруулж байна. Энэ талаар бид тодрууллаа.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг : Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан зааварчилгаар эмч, эмнэлгийн байгууллагын төлөөлөл хилийн бүсэд ажиллаж байна. Хилээр зорчин яваа иргэдэд хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд асуумж судалгаа авч, халуурсан гэх шинж тэмдэг илэрсэн хүн бүрийг хяналтад авч байгаа.
Өнөөдөр Замын Үүд хилийн боомт дээр Хятад улсын хоёр иргэнд шинжилгээ хийж, ноцтой шинж тэмдэг илрээргүй шинжилгээний хариу сөрөг гарсан тул явуулсан.
Харин Бээжин-УБ-Москва чиглэлийн галт тэргээр ирсэн иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор яг одоо манай эмнэлэгт ирж шинжилгээ хийлгэж байна. Бид энэхүү иргэддээ шинжилгээ хийж биеийн байдлыг хянаж үзээд гэрт нь буцаана.
Хэвлэл мэдээллээр яваад байгаа 20 хүнийг тусгаарлана гэсэн мэдээ худал юм.
Өнөөдөр хүмүүсээс авсан шинжилгээний хариу маргаашнаас гарах тул тэр үед тайлагнах болно.
Шинж тэмдгийн хувьд ойр ойрхон ханиалгах, өндөр халуурах, хамгийн гол нь өвчний голомтоос ирсэн тохиолдолд энэ вирусээр өвчилсөн байх магадлалтай. Гэхдээ ханиад томуу, томуу төст өвчинтэй шинж тэмдэг ижил гэдгийг бас мэдэхэд илүүдэхгүй.
Энэ халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа сайн угааж, амны хаалт зүүж, түүхий мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Магадгүй иргэд өөрсдийгөө өвчилсөн гэх шинж илэрвэл ХӨСҮТ-ын яаралтай тусламжийн утас болох 80086929 утас руу залгаж болно.