Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан олон нийтэд танилцуулж, агаарын дүүжин тээврийн ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
Уг төсөлд
Автобусны парк шинэчлэлт
Цахилгаан соронзон галт тэрэг
Шинэ төрлийн такси үйлчилгээ
Агаарын такси гэж нэрлэгдэх Агаарын дүүжин тээвэр
Тусгай замын автобусыг шинээр нэвтрүүлэх зэрэг багтаж байгаа бөгөөд түрээсийн дугуй үйлчилгээг ч үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Парк шинэчлэлтийн талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ "Энэ жилдээ багтаж 600-аас доошгүй автобусанд парк шинэчлэлийг хийнэ". Энэ хүрээнд “Yinlong Energy” компанийн 10 цахилгаан автобусыг оруулж ирж, наймыг нь төв замаар туршилтаар явуулахаар болжээ.
Тэгвэл Цахилгаан соронзон галт тэргийг эхний ээлжинд Энхтайваны өргөн чөлөөний дагуу, Амгалангаас Таван шар хүртэл үйлчилгээнд нэвтрүүлэх бөгөөд 12.2 км урттай, 14 зогсоол бүхий байгууламж барихаар төлөвлөжээ.
Төв замын авто замын ачаалал 68 хүртэлх хувиар буурах бөгөөд 14 зогсоол бүрээс иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой хэмээн төлөвлөж байна.
Цахилгаан соронзон галт тэргийг үйлчилгээнд явуулах хоёр, гуравдугаар чиглэл нь хотыг тойрог хэлбэрээр явхаар төлөвлөгдсөн байна. Мөн хот хоорондын шинэ нисэх онгоцны буудал, Налайх, Зуун мод, Майдар Сити чиглэл үйлчлэх аж.
Нэг удаагийн агаарын дүүжин ирэхдээ иргэдийн хүлээх хугацаа нь 3-5 минут ба өдөрт 210 мянга хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.