Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдөр болон Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки үүрэгт ажлаа хүлээн авсантай холбоотойгоор хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож, үг хэллэв.
Тэрбээр ‘’Манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цаг үеэс эхлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт Япон Улсын Засгийн газар, ард түмэн тасралтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэн.Энэ бүх хамтын найрсаг ажиллагаанд Монголын төр засаг талархаж байдгийг онцлоод, УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад айлчлал хийх явцдаа Парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхээр тохиролцон ажиллаж байна. Түүнчлэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно есөн жилийн дараа Монголд айлчилж, хоёр улсын Стратегийн түншлэлийг бататгаж, хөгжлийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэхэд таатай байна хэмээлээ.
Үүнээс гадна хоёр улсын томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, Олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудлын төслийн менежментийн концессын гэрээ хүчин төгөлдөр болж, Монгол, Японы сургалтын эмнэлэг үйл ажиллагаагаа эхлүүлээд байгааг тодотгосон юм.
Элчин сайд Кобаяши Хироюки Монгол дахь Элчин сайдын яам болон Токио дахь Гадаад хэргийн яаманд 10 орчим жил хоёр орны харилцааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн туршлагатай юм. Японы Үндэсний Их баяр болох Цог Жавхлант Эзэн Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Япон, Монголын харилцааг цаашид хөгжүүлэн, тасралтгүй үргэлжлүүлэх үндэс суурийг тавихын төлөө ажиллаж, өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаа дурдлаа.
Мөн 2020 оны Токиогийн олимп, Паралимпийн наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна’’ гэлээ.
Эх сурвалж:Улсын Их Хурлын ХМОНХХ