УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч ирэх сарын 6-ны өдөр хүртэл хойшиллоо. Түүнийг Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 972,4 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Тодруулбал, “Бэрэн групп” компанийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ тендер зарлахгүйгээр худалдан авсан хэмээн буруутгаж байна.
З.Баянсэлэнгэ өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж байсан. “Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа гарын үсэг зурж баталгаажуулсан. Би танхимын сайдын хувьд дээрээс өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлсэн. Засгийн газрын хуралдаанаас гарсан даалгаврыг биелүүлсэн” гэж тайлбарладаг. Ямартай ч, сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал он дамжиж явсаар ирэх болох тов гараад байна.