Олимпийн эрхийн тэмцээн ирэх гуравдугаар сард болох бөгөөд манай баг тамирчид өнөөдөр Европ тивийг зорилоо.
Монгол Улсын эмэгтэй баг тамирчид олимпд оролцох эрхээ шууд авсан бол эрэгтэй баг эрхээ авч чадаагүй. Тэгвэл олимпийн эрхийн тэмцээн ирэх 3-р сард болж товлогдож, манай улсын шигшээ баг өнөөдөр Европ тивийг зорьж байна.
Манай шигшээ баг сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг гүрэн, хуучны Югославын орнууд болох Серби, Словени улсуудын шилдэг багуудтай хамтарсан бэлтгэл хийж, улмаар ирэх сарын 1-нд Серби Улсын Нови Сад хотод шилдэг зургаан багийн тэмцээнд оролцох юм.
Мөн ирэх сарын 8, 9-нд Словени Улсад өндөр зэрэглэлийн найман улсын тэмцээнд өрсөлдөнө аж. Дээрх улсууд нь манай улсын адил Олимпын эрхийн тэмцээндээ бэлдэж байгаа бөгөөд Ази тивээс Монгол Улсыг урьжээ.