Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор “Цэнхэрмандал” дэд станцыг өргөтгөн, Цэнхэрмандал -Жаргалтхаан сумыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан байна. Энэ бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ. Дэд станцыг 35/6 киловатаар өргөтгөсөн, шинээр татсан агаарын шугам 44.5 км урт бөгөөд 35 киловаттын хүчин чадалтай аж. Өргөтгөлийг “Багануур- Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компани дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Үүнд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулж, эрчим хүчний бүтээн байгуулалтын хүрээнд Жаргалтхаан дэд станцын барилга угсралтыг мөн хийж гүйцэтгэсэн байна.
Жаргалтхаан сум 1994 онд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Үүнээс хойш шинэчлэл, өргөтгөл хийгээгүй учир хүчдэл унах, өсөн нэмэгдэж байгаа ачааллыг даахгүйд хүрээд байсан юм.
Эх сурвалж: Zasag.mn