“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, эдийн засагч Л.Наранбаатар цагдан хоригдсон тухайгаа фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрээр “Хонгил руу чирэгдэхээр боллоо Өмгөөлөгчөөрөө дамжуулж хэвлэлийн хурал хийнэ” гэж дөнгөж сая байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж ил тод, нээлттэй болгох, 1072 хувьцааны ногдол ашиг, түүний үр шимийг олон нийтэд хүргэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Ялангуяа, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас Монгол улсын иргэн бүрийн эзэмшдэг 1072 хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэхийг хүчтэй шаардаж байсан. Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компани иргэдэд ноогдол ашиг тараахгүй. Харин ашгаа төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулна гэж мэдэгдсэн. Засгийн газар болон “Эрдэнэс тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдээсээ асуулгүй гаргасан энэ шийдвэрээ эргэн харахыг шаардаж, албан бичиг хүргүүлж байсан удаатай.
Өнгөрсөн 2019 онд түүнийг цагдаагийн байгууллагаар шалгаж эхэлсэн. Учир нь, “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компаниас 350 сая төгрөгийн тендер авахын тулд эрх бүхий албан тушаалтнуудыг "шантаажилсан" гэх иргэний гомдлын дагуу шалгасан юм. Харин өөрөө “Энэ бол гүтгэлэг. Иргэдэд ноогдол ашиг өгүүлэхгүй, бидний тэмцлийг мохоохын тулд”щ явуургүй алхам хийж байна гэж" мэдэгдэж байсан юм.
Түүнийг яг ямар шалтгаанаар хорьсон талаар бид дэлгэрүүлэн мэдээлэх болно.