Монгол улсад дижитал шилжилт хийгдсээр буй. Гэхдээ хэд хэдэн асуудал бас ололт бий.
1.Мэдээллийн аюулгүй байдал
Мэдээллийн аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээгээр манай улс Дэлхийд 78-р байранд жагсдаг. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологи, аюулгүй байдлын асуудалд төсөв хөрөнгө бага төсөвлөдөг, боловсон хүчин муу. Энэ нь 78-р байрт эрэмбэлэгдэх гол шалтгаанууд юм.
2. Мэдээллийн технологийн салбарын боловсон хүчин ба цалин хөлс
Мэдээлэл технологийн салбарт ойрын таван жилийн хугацаанд 20.000 мянган боловсон хүчин дутагдах тооцоо гарсан. Одоогоор 3000 орчим залуу суралцаж байна. Тоо дутмагаа дагаад цалин хөлс ч бага. Гэхдээ хувийн хэвшилд ажиллаж буй мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг залуусын цалин багадаа 1.5 сая байхад гол анхаарч ажиллуулах шаардлагатай төр тэдэнд ийм цалин өгч чаддаггүй. Бас үнэхээр чадалтай боловсон хүчнүүд гадаад зах зээлд ажиллаж байна.
3. Монгол улсад хэрэгжиж буй мэдээлэл технологийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүд
Монгол улсад одоогийн байдлаар хөнгөлттэй зээлийн нөхцлөөр 250 сая орчим долларын,буцалтгүй тусламжаар 1.3 сая еврогийн, дотоодын хөрөнгө оруулалтаар 10.9 тэрбумын, улсын төсвийн хөрөнгөөр 52 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Технологийн салбарт хэрэгжиж буй ажлууд жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь сайшаалтай үзүүлэлт юм. Учир нь технологийн шинэчлэлт бүр улс орны ДНБ-ийг өсгөдөг.
4. Мэдээллийн технологийн хөгжил хөдөөд…
Манай улсын долоон суманд харилцаа холбооны дэд бүтцийг шийдэж амжаагүй. Өөрөөр хэлбэл бусад бүх суманд утасны сүлжээ, 4Gбарина гэсэн үг. Гэхдээ үүнийг 2020 ондоо багтаан шийдэх юм байна. Энэ бүх асуудлыг зөвхөн улсын төсвийн хөрөнгөөр шийддэггүй, хувийн хэвшлүүд гол үүрэгтэй ажилладаг.
5. Төрийн хийсэн хамгийн том систем ХУР
Хур системээс 104 байгууллага мэдээлэл солилцож,89 нэр төрлийн лавлагаа мэдээлэл тодорхойлолтыг 50 сая удаа татаж хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл 50 сая удаа иргэдийг “тийшээ яв, ийшээ яваад бичиг аваад ир” гэх үгсээр олон удаа буцаагаагүй гэсэн үг.
6. Дижитал шилжилт буюу хийгдэж буй ажлууд…
Дижитал шилжилт гэдэг нь өргөн утга агуулга бүхий ойлголт ч энгийнээр хэлбэл Лэнд.мн, бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрийн сан,шилэн данс,тендэр.мн зэргийг нэрлэж болно. Дижитал шилжилтийн ажлууд ийнхүү ашиг тусаа өгч хэрэгжиж байгаа ч аюулгүй байдлын хувьд бид ДЭЛХИЙД 78-р байранд яваагаа МАРТАЖ БОЛОХГҮЙ.