Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр /1.12/ Монгол бөхийн өргөөнд болж, Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, начин Э.Даш нар шалгарлаа. Энэ барилдаанд түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва нар хоёрын даваанд унаснаар бөхийн таавар бүхэлдээ эргэсэн гэхэд болно. Харин тус барилдааны дуулианы гол эзэн М.Лхагвагэрэл нь нэгийн даваанд улсын начин Б.Даваа-Очир, хоёрын даваанд начин Б.Сангисүрэн, гурвын даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулга, дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнх, тавын даваанд харцага О.Хангай, их шөвөгт харцага Б.Бат-Өлзий, түрүү, үзүүрт начин Ч.Хөхчирэнгэр нарыг давснаар Монгол бөхийн өргөөнд болсон чансаа өндөр барилдаанд анхны түрүүгээ авсан нь энэ. Өдгөө 21 настай М.Лхагвагэрэл нь 2017 онд Завхан аймгийн Баяр наадамд зургаа давж харцага, 2018 онд долоо давж заан, 2019 онд чимэг нэмсэн билээ. Тэрээр саяхан чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны ДАШТ-ээс хүрэл, хэдхэн хоногийн өмнө УАШТ-ээс алтан медаль хүртсэн юм.