
2020 оны 3-р сард Уулын спортын мастер Монгол улсын гавъяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг, Оросын холбооны улсын уулчид хамтран Мөнх сарьдаг/ Саяаны оргилд Монгол, Тува тэргэнцэртэй хоёр охины хамт авиралт хийнэ. Энэ нь ДЭЛХИЙД анхных юм.
Цанын спортын тамирчин Тува охин Аюуна цанаар гулгаж явах үедээ нуруу нугасны гэмтэл авсан хэдий ч Мөнх сарьдаг/Саяаны нурууны оргилд гарах мөрөөдлөө Оросын уулчдад хэлсэнээр энэ ГАЙХАМШИГТ үйл явдлын анхны санаачлага эхэлжээ.
Монгол Оросын уулчид хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг хандлагыг Дэлхий нийтэд түгээх, амьдралдаа тавьсан зорилготой, хүсэл тэмүүлэлтэй хоёр охинын МӨРӨӨДЛИЙГ биелүүлэх зорилготой юм.
Мөнх сарьдаг/Саяаны нуруу нь Монгол, Оросын хилийн зааг дээр байдаг бөгөөд хоёр орны уулчид тэргэнцэртэй охидын хамт ОРГИЛЫН хоёр талаас авиралт хийж ОРГИЛ дээр хоёр талаасаа уулзалдана.
Уулын спорт нь хатуу дүрэм, хатуу шаардлагатай спортын төрөл бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн тэр дундаа тэргэнцэртэй хүнийг аюулгүй, эрсдэлгүй оргилд гаргана гэдэгт маш их бэлтгэл, зохион байгуулалт, төлөвлөлт, санхүүжилт шаардлагатай байгаа тул зохион байгуулагчдын зүгээс болон оролцогчийн зүгээс нилээн хичээн ажиллаж байна.
Арга хэмжээний туршилт, сорилт болгож 2020 оны 01 сарын 13-нд Ч. Тунгалагтуяа Монголынхоо уулчдын хамтаар Асралт хайрханд буюу 2800м-н өндөр ууланд авирна.