“ГАЙХАМШИГТ 50 УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ” НОМЫГ УНШИХ ТАВАН ШАЛТГААНЫГ ХҮРГЭЖ БАЙНА
“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага,Улбар паблишинг хамтын санаачилгаар “Гайхамшигт 50: Урам зоригийн түүх” номын нээлт, уран зургийн үзэсгэлэн өчигдөр /2020.1.9/ боллоо.
“ГАЙХАМШИГТ 50 УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ” НОМЫГ УНШИХ ШАЛТГААН НЭГ
Тус номд Монгол Улсын түүхэнд өөрийн “дүр”-ээ тодоор үлдээж буй өөр өөр салбарын түүчээ, тэмцэгч эмэгтэйчүүдийн түүхийг хүүхдэд зориулан үлгэрийн хэлээр хүүрнэж, бэсрэг өгүүллэг болгон буулгажээ. Гэхдээ зөвхөн хүүхдэд гэлтгүй бүх насныханд зориулсан гэдгээрээ онцлог юм байна.
“ГАЙХАМШИГТ 50 УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ” НОМЫГ УНШИХ ШАЛТГААН ХОЁР
Хоёр дахь шалтгааныг Номын зохиолч Ч.Бат-Уянгын ярианаас та бүхэн уншаарай.
-“Гурван жилийн өмнө Монгол гэх энэ тусгаар улсыг өдий зэрэгтэй авч яваа хүмүүс хэн байдаг билээ хэмээн бодож байлаа. Тэр дундаа эмэгтэй хүний зүгээс улс орны хөгжилд хувь нэмэр болж чадаж байгаа эсэхийг мэдмээр санагдаж судалгаа эхлүүлсэн. Санаж байснаас минь олон бахархалтай түүхтэй эмэгтэйчүүд байдаг юм байна лээ. Гэвч энэ бүх эмэгтэйчүүдийн гавъяаг мэдэхгүй бас танихгүй байсан нь харамсалтай санагдсан. Дүрийн судалгаагаа хийж дуусаад хүмүүст үүнийгээ хэрхэн хүргэх талаар удаан бодсоны эцэст хөрөг зурагтай хөнгөн намтар бичихээр шийдсэн юм.
Жишээ нь би өмнө нь уран нугаралтыг Монголын үндэсний урлаг гэж боддог байлаа. Гэхдээ хүмүүс Монголын урлаг хэмээн бодогдтол нутагшуулж чадсан хүн бол уран нугараач Т.Цэнд-Аюуш эгч юм. Ахиад нэг түүх өгүүлбэл, Монголын анхны эмэгтэй уран барималч Д.Дамидмаа гуай долоон хүүхэдтэй байсан ч дөрвөн хүүхдээ бага залуугаар нь алдсан байдаг. Гэсэн хэдий ч энэ их уй гашуугаа уран бүтээлээрээ дамжуулан тасралтгүй хийж хүүхдүүдийнхээ дүрийг баримал болгон бүтээж амилуулдаг нэгэн бий. Энэ бүх түүхээс бахархаж, уйлж, гайхаж олон сайхан мэдрэмжүүдийг авч байлаа”
“ГАЙХАМШИГТ 50 УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ” НОМЫГ УНШИХ ШАЛТГААН ГУРАВ
Номын зураг буюу үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг олон зураач ур ухаан, сэтгэлээ шингээн ажиллажээ.
Номын зураач,дизайнер Э.Золбоо: Би энэхүү үзэсгэлэнгийн хоёр дүрийг зурсан. Үзэсгэлэнд нийт 26 зураач 50 бүтээл зурсан юм. Төслийн нэг хэсэг болсондоо сэтгэл өндөр байна. Монголын түүхэн эмэгтэйчүүдийн дүрийг зурсандаа ч баяртай байна.
“ГАЙХАМШИГТ 50 УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ” НОМЫГ УНШИХ ШАЛТГААН ДӨРӨВ
Урам зоригийн түүхүүдийн эзэд буюу “ДҮР” болсон эмэгтэйчүүд цөм олны танил, одууд биш.
Номын гол дүр Б.Бямбасүрэн: Номоо анх харчхаад маш их гайхсан. Ийм мундаг эмэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн орсон байгаадаа итгээгүй. Би онцгой байдлын үндэсний газрын агаарын аврах бригадад шүхэрчин аврагч хийдэг. Агаараар эрэн хайх ажиллагаа явуулах, ой хээрийн түймэр унтраах үндсэн чиг үүргийн дагуу ажилладаг. Өөрөөр бол улсын хэмжээнд гарсан ой хээрийн түймрийн 80 хувьд нь манай баг хамт олон хамгийн түрүүнд очиж ажилладаг. Маш хүнд, хариуцлагатай алба.
Бага байхдаа улсын наадмаар шүхрийн үзүүлэх тоглолт харчхаад бас цэргийн хүн болмоор санагдаад энэ мэргэжлээ сонгосон. Тэгээд хоёр зорилго нийлсэн шүхэрчин аврагч болсон. Ажиллах урам зориг өгдөг хамт олондоо удирдлагууддаа маш их баярладаг.
Номын гол дүр Б.Оюунчимэг: Би 48 литр гаруй цус өгч нийт 700 хүнд цусны донор болсон. Эрдэнэт хотод байхад жирэмсэн эмэгтэй амь тавихын даваан дээр би цусаа өгч, эхийг нь үхлээс, хүүхдийг нь өнчрөхөөс аварч байлаа. Би анхныхаа хүүхдийг 1963 онд төрүүлсэн 1994 онд харин эмнэлгийн 30 хүүхдийг хөхүүлдэг байлаа. Нэг өдөр гурван ихэр хүүхэд харангадах гэж байхад сүүгээрээ угжаад хүн болгож байв. Одоо тэр хүүхдүүд 58 настай болсон байна лээ. Ингээд л би сүү цус хоёр хүний чандмань эрдэнэ гэдгийг ойлгож авсан.
Номын гол дүр Ч.Мөнхцэцэгийн дүү Ч.Мөнхтуяа: Эгч маань Монгол улсын анхны дархан мэргэн харваач. Долоон удаагийн рекорд тогтоосныг нь давуулсан сур харваач одоогоор байхгүй. Ч.Мөнхцэцэг эгч Америк улсад амьдарч байгаа болохоор би төлөөлж номын нээлтэд ирсэн юм. Эгчээрээ маш их бахархаж байна.
“ГАЙХАМШИГТ 50 УРАМ ЗОРИГИЙН ТҮҮХ” НОМЫГ УНШИХ ШАЛТГААН ТАВ
Номоо худалдан авч уншаад, үзэсгэлэнгээ үзэж болно. Үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал MN 17 галерейд үзэгчдийн хүртээл болох юм. Номын үнэ 30000 төгрөг. Улаанбаатар хот дотор хүргэлт үнэгүй. Орон нутаг руу илгээх боломжтой. Захиалахыг хүсвэл 8020 6667 дугаарт холбогдож аваарай.