Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөл (таталт, шахалт, түлхэлт)-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд энэ сарын 7-10-нд болж байна. Тав дахь удаагийн тэмцээнд 36 багийн 400 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд медальт байранд орсон тамирчид тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх хүртэнэ. Тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүд, өсвөр үе, ахмадын ангиллын өрсөлдөөн өндөрлөж, олон шинэ аварга төрөн гарлаа. Маргааш залуучууд, насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангиллаар тэмцээн үргэлжилнэ.
Түүнчлэн ахмадын 74 кг-ын жинд гавьяат тээвэрчин, ОУХМ Д.Намхайдорж алтан медалийн тавцанд дөрвөнтөө гарав. Өдгөө 70 насыг зооглож буй тэрбээр суултын төрөлд 165, таталтын төрөлд 200, шахалтын төрөлд 112.5 кг шахсанаар алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээрээ ч тэргүүллээ. Д.Намхайдорж гуай энэ спортоор 15 дахь жилдээ хичээллэхдээ ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалийг тус бүр нэг, Азийн АШТ-ээс дөрвөн алтан медаль хүртсэн юм.