Иракт байрлах АНУ-ын цэргийн бааз уруу Иран улс пуужин харважээ. Ираны үндэсний телевиз хэрэг явдлыг тайлбарлахдаа “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиалгаар Багдадад болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан Генерал Касем Сулейманийгийн өшөөг авахаар хийсэн” хэмээжээ.
Пуужингийн халдлагад АНУ-ын хоёр бааз өртсөн хэмээн Пентагоноос мэдээлсэн. Амь үрэгдсэн хүмүүс болон бэртэл гэмтлийн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа аж.
“Бид манай цэргийн бааз руу пуужин харвасан хэргийг сайтар нягталж, нөхцөл байдлыг харгалзан үзэж, Ерөнхийлөгч болон Үндэсний аюулгүй байдлын хороотой хуралдаж байна” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн.
Бөмбөгдөлт Генерал Сулейманиг оршуулснаас хэдхэн цагийн дараа болсон. Эхний халдлага Ал Асадын баазад, удаах нь Ирбилийн баазад болжээ.