Монгол улсын өр зохистой түвшнээс өндөр, томоохон бонд зээлийн төлбөр төлөгдөх хугацаа ойртсон. Төсвийн алдагдалтай улс. Бага гэлтгүй төсвийн мөнгийг хэмнэх шаардлага манай улсад бий. Харин хурган дарга нар унах машиныхаа дэлгэцийг өнгөт биш бол авахгүй, 2019 онд үйлдвэрлэгдсэн машин л хэрэглэнэ зэргээр тансаглаж байгаагийн хоёр жишээг баримттайгаар хүргэе.
БАРИМТ 1
“Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газар 2019 онд байгууллагынхаа хэрэгцээнд суудлын машин худалдаж авах тендер зарлажээ. Харин тендерт оролцсон нэгэн компанид “өнгөт дэлгэцтэй хянах самбартай байх шаардлага хангаагүйг мэдэгдэж байна” гэжээ. Албан бичигт бичсэн хуулийг заалттай нь харвал “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.2 буюу техникийн тодорхойлолт гэсэн заалт л байгаа юм. Мөн өөр нэг баримт дээр 84 сая төгрөгөөр машинаа авах тухай бичжээ.
БАРИМТ 2
“Монголын Төмөр Зам” төрийн өмчит хувьцаат компани 2019.10.28-нд 77 хуудас бүхий тендерийн баримт бичиг “зарлажээ”. Тендерийн урилгыг харвал дөрвөн ширхэг суудлын машин худалдаж авах, машин нь 00.00-100 хүртэл км явсан байх, 2019 он ба түүнээс хойших, 1800сс мотортой, шаргал болон өнгөний сонголттой байх гэх мэт шаардлага тавьжээ. Монголын Төмөр зам компанийн энэхүү тендерт нийцэхүйц 2019 он ба түүнээс хойших хугацаанд үйлдвэрлэгдсэн 0 км гүйлттэй, 1800 сс мотортой машиныг худалдаж авахаар тооцож интернетээс хайлт хийгээд төгрөгт шилжүүлж бодвол нэг ширхэг машин доод тал нь 50 орчим сая төгрөгөөр худалдаж авахаар байна.
2016 оны Сонгуулиар “Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” хэмээн амалж байсан МАН 65 суудалтай болж төрийн эрхийг авснаас хойш одоогоор 10 төрлийн татвар нэмээд буй. Энэ талаар тайлбарлахдаа мөрийн хөтөлбөр боловсруулж байх үед улсын төсөв, санхүү ийм хүнд болсныг мэдээгүй. Татвар нэмэхээс аргагүй байсан хэмээж байгаа.
Төсөв санхүү хүндэрсэн учир татвар нэмсэн гэх тэд төсвөө хэмнэх арга хэмжээ хэсэгтээ авсан. Тиймдээ ч 2017 оны 6-р сарын 22-нд 216 тоот тушаалыг тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн гаргаж байв. Тушаалд бичсэнээр төсвийн мөнгийг хэмнэх, хэмнэж байгаа эсэхийг хянах тухай 13 нүүр бичсэн байдаг. Энэхүү тушаал одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Харин хурган дарга нар ингэж тансаглаж байна.