Оны өмнөхөн УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг баталж, 2020 оны парламентын сонгуулийг Томсгосон тойргоор явуулах нь тодорхой болсон. Харин хоёрдугаар сарын нэгнээс өмнө Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирүүлсэн саналуудыг үндэслэн УИХ-аар сонгуулийн тов, тойргийн хуваарилалтыг хуулийн дагуу тодорхой болгох юм.
Ирэх сонгуулиар Нийслэлийн зарим дүүргийн мандатыг хасч, УИХ-д цор ганц төлөөлөлтэй шүүмжлэл гардаг зарим аймгийн мандатын тоог нэмэхээр ярьж эхэлжээ. Ингэхдээ, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Булган зэрэг аймгууд УИХ-д хоёр төлөөлөлтэй байхаар өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байгаа аж. Ингэхдээ, УИХ-д олон төлөөлөлтэй зарим дүүргийн мандатыг хасахаар тооцжээ. Харин ирэх сонгуулийн товыг 6-р сарын 24-нд байхаар товыг Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргаж УИХ-д хүргүүлэхээр болсон тухай яригдаж байна. Өнгөрсөн онд баталсан Сонгуулийн тухай хуулинд санал авах өдрийг сонгуулийн жилийн зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байхаар заасан юм.