Түүнийг Отгондэмбэрэлийн Болор гэдэг. Хоол боловсруулах замын уян дурангийн эмч. Анагаахын салбарт хоол боловсруулах замын дурангийн чиглэлээр найман жил мэргэшиж ажиллаж байна.
Улаанбаатар хотын зарим дүүргийн эмнэлэг, орон нутгийн эмнэлэг ходоодны дурангийн технологи, хүний нөөцийн хүрэлцээнээс шалтгаалж яаралтай дуудлагаар бид эмнэлэг дээр нь очиж хоол боловсруулах замын цус алдалтыг боох эмчилгээг хийдэг.
Нөгөө талаас цус алдалттай байх үед нь өвчтнийг зөөвөрлөх нь амь насанд нь эрсдэлтэй учраас сэхээн амьдруулах тасагт нь очиж дурангаар цус алдалтыг нь зогсоох эмчилгээ хийдэг.
2019 онд гэхэд манай баг нийтдээ 18 мянган км явж хоол боловсруулах замын цус алдалтыг боох эмчилгээ хийжээ.
Хүмүүсийн ходоодны өвчлөлийг оношлоод урьдчилан сэргийлэх боломжийг нь тайлбарлаж хэлж өгөөд байхад хүндрэх эрсдлийг ойлгохгүй хэнэггүй ханддагт үнэхээр харамсалтай. Тайлбарлаж хэлээд байхад ойлгодоггүй нь миний ажлын хамгийн хэцүү нь.
Манай эмнэлэг дээр 2019 онд 78 ходоодны хавдар оношлогдсны 24 хавдарыг эрт үе буюу бүрэн эмчлэгдэх боломжтой үед нь илрүүлж чадсан. Нийт оношлогдсон хавдрын 30 хувийг эрт үед нь илрүүлнэ гэдэг манай улсын хэмжээнд өндөр үзүүлэлтэнд ордог. Эдгээр хүмүүс бүгд эмчлэгдэх боломжтой бөгөөд эрхтэн хадгалагдаж үлдэнэ гэсэн үг.
Бид нарын дээд үеийн эмч нар маань бид нарт бүх боломжуудыг бий болгож өгсөн. Бид харин дараагийн үедээ илүү сайхан замыг бэлдэж үлдээж байгаадаа, түүнд хувь нэмрээ үлдээж байгаадаа баяртай байна. Биднийг хараад залуучууд дурангийн мэргэжил сонгож байвал бас их баяртай байх болно.