2020 оны нэгдүгээр сарын 05-ны өдөр оройн 22:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр долоон буудал, Чингэлтэйн өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож, явган хүний гарцгүй газраар гарч явсан 39 настай, эмэгтэй С-ыг мөргөжээ. Ослын улмаас зам гарч байсан явган зорчигчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирчээ. Тухайн осолд гэмтсэн эмэгтэй одоогоор ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт биеийн байдал муу хэвтэн эмчлүүлж байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд архи согтууруулах ундааны зүйл өгөхгүй байх, мөн явган зорчигч та бүхэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.