Он солигдох мөчид Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшүүлсэн мэндчилгээндээ “тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргалаа” гэсэн юм. Үүнтэй холбогдуулан Өрөг.mn мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонслоо.
ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭВЭЛ ҮНИЙН ӨСӨЛТ ҮҮСНЭ
Одоогийн байдлаар манай улсад улс төрийн нөлөөлөл их байна. Бид тэтгэврийн асуудалтай холбоотой олон буруу шийдвэр гаргаж байсан.Үүнтэй ойролцоо шийдвэр Монгол улсын Ерөнхийлөгч гаргалаа. Энэ асуудлыг улс төрийн өнгө аясаар шийдвэрлэвэл Монгол улсын эдийн засгаас гадна нийгэмд сөрөг нөлөөтэй. Энэ нь ирээдүйд иргэдийн санхүүгийн сахилга бат, улсын урагшлах хөгжилд саад болно.
Хэрэв Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээл тэглэх бол их хэмжээний мөнгө Монгол улсын эдийн засаг руу зүй бусаар орж ирнэ. Мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлнө. Иргэдийг эдийн засгийн хүнд байдалд бид оруулчхаад улс төрийн тоглолт хийх нь бохир улс төр юм.
Тэтгэвэр авсан иргэд маань зээлийн дарамтаас гарч, иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж байгаа мэт боловч нөгөө талаар үнийн өсөлтийг нэмэгдүүлнэ. Мөн тэтгэврийн зээл авах хүний тоо нэмэгдэнэ гэж ойлгож болох ч зээл авах ахмадуудын тоо хязгаарлагдана. Зээл гэдэг зүйл санхүүгийн бүтээгдэхүүн. Хөндлөнгөөс улс төрийн хүчтэй нөлөөлөл орж ирж байгаа нь банк санхүүгийн байгууллага энэ талын зээлийн төрөлд болгоомжлох хандлага гарна.
Хүүхдийн, гэрлэлтийн, оюутны мөнгө гэх мэтээр Монгол улсын эдийн засгийг хангалттай хойш нь татсан. Хүний хөгжлийн сангаар дамжуулан хангалттай их хэмжээний мөнгө үр ашиггүй тараасан. Үр ашиггүй мөнгө тарааж байгаагийн нэг жишээ нь энэ юм. Найман зуун тэрбумаар бид төмөр зам, цахилгаан станц гэх мэт эдийн засгийг ирээдүйд тэтгэж чадах суурь дэд бүтцүүдээ хийх хэрэгтэй. Энэ нь Монголын иргэдэд шууд ашгаа өгч чадахгүй ч ирээдүйд бид Монгол улсын эдийн засгийн баттай эх үүсвэртэй болно.
Хэрэв тэтгэврийн реформ шинэчлэлээ хийсэн бол Монгол улсын тэтгэвэрт гарсан иргэд ийм орлогын доод төвшинтэй болж их хэмжээний зээл авахгүй байх байсан. Иймээс тэтгэврийн реформ хийх ёстой.
ХУУЛЬЧ Б.МЭРГЭН: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ ЭСЭХИЙГ УИХ ШИЙДНЭ
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үндэсний аюулгүй байдлын зөвлөлд заасан ямар ч асуудалд хуралдаж, хэлэлцэх боломжтой. Агентлагаас ямар асуудал хэлэлцэхийг яам уруу санал болгодог, улмаар Засгийн газар хуралдаанаар шийдвэрлэдэг. Эсвэл ерөнхийлөгч тухай бүрд нь асуудлыг санал болгон түүнийг нь аюулгүйн байдлын зөвлөл гаргах эрх бий.
Харин шийдвэр хэр нөлөөтэй, заавал хэрэгжих ёстой эсэх нь тусдаа асуудал юм. Зөвлөмж гарснаар тухайн асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Холбогдох байгууллагууд нь ийм асуудлыг шийдвэрлэх зүйтэй байна гэж санал болгож болно. Зөвлөмж гэдэг нь үгнээсээ ч тэр заавал хэрэгжих ёстой гэсэн үг биш. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нь зөвлөлийн шинжтэй байна гэж заасан ч төрийн эрх барих дээд байгууллага болон бусад төрийн байгууллага хэрэгжүүлж, биелэлт үр дүнгийн талаар хариу мэдэгдэх ёстой. Хэрэв хариу мэдэгдэж, биелүүлэхгүй бол хуульд заасан хариуцлага хүлээнэ. Тэр агуулгыг харвал энэхүү асуудал заавал шийдвэрлэгдэх ёстой гэсэн хуультай. Тэтгэврийн зээл тэглэх тухай асуудлыг хууль болгож байж шийдвэрлэнэ. Үндсэн хуульд зааснаар гагцхүү хууль гаргах нөхцөл УИХ-д бий. УИХ-д Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж өгч байна, үүнийг нь хууль болгож батлах, төсөвт багтаахыг УИХ мэднэ.
Гүйцэтгэх засаглалын байгууллагууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрийг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх боломжтой. УИХ-д ийм хууль батал гэсэн зөвлөмжийг аль ч үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өгсөөр ирсэн. Гэхдээ ямар хууль батлахаа УИХ өөрсдөө мэддэг. Зарим тохиолдолд тэр зөвлөмжийг хууль болгон баталдаг. Зарим тохиолдолд оруулахгүй эсвэл улс төрийн хоорондын зөвшилцөл нөлөөлдөг.
Ерөнхийлөгч санал оруулан үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэж байгаа. Аюулгүй байдлын зөвлөл өөрөө Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гэсэн гурван бүрэлдэхүүнээс бүтдэг. Зөвлөмж нь заавал зуун хувийн саналаар гардаг. Аль нэг тал эсрэг байр суурьтай байвал энэ зөвлөмж батлагдахгүй. Тэтгэврийн зээлийг чөлөөлөх шийдвэр мэдээж энэ гурвын зөвшилцлөөр гарчихсан юм байна гэхдээ үүнийг УИХ баталж хэрэгжинэ.
Миний хувьд тэтгэврийн зээл тэглэх нь байж болшгүй шийдвэр юм. Шинэ жилээр ийм шийдвэр ярьж байгаагаасаа ичих хэрэгтэй, олон хуулийг ''уландаа гишгэж'' байна гэж харж байгаа.