2020 оны 1-р сарын 1-ээс эхлэн олон хууль мөрдөгдөж эхлэх юм. Үүний заримаас онцолбол.
- 2020 онд Нийгмийн Даатгалын Шимтгэлийг нөхөн төлөх боломжтой. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ 2020 онд нэг удаа нөхөн төлж, тэтгэвэр авах боломжтой. Шимтгэл нөхөн төлүүлэх тухай хуулийг УИХ 2017 онд баталсан бөгөөд өнөөдрөөс мөрдөгдөнө. Хууль хэрэгжсэнээр иргэн нэг сарын 42000 төгрөг, жилийн 504000 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлнө. Урьдчилсан байдлаар 88 мянган хүн энэ нөхөн төлөлтөд хамрагдана гэсэн тооцоо байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим заалт өнөөдрөөс хэрэгжиж байна. Тухайлбал,
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн НДШ төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцох,
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцож байсныг 100 хувиар тооцож олгох,
Нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг төрөөс,
Сайн дураар даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох юм.
2. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгт 3600 төгрөг байхаар тогтоосон. Мөн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгосон. I-V ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Үүнийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхлэх юм. 2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байв.
3. Шинэ оны эхнээс цалин, тэтгэврийг найман хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин нэг сая 70 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ оны III улирлын байдлаар сарын дундаж цалин нэг сая 166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна. Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмжээ. Мөн наснаасаа эрт тэтгэвэрт гарсан 21 мянган иргэний тэтгэврийг энэ оны эхний өдрөөс 50 мянган төгрөгөөр нэмнэ. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулаад төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг ажилласан жилээс нь хамааран 5-25 хувь нэмэх юм байна.