Швейцарын Лозанн хотод Залуучуудын өвлийн олимпийн III наадам 2020 оны нэгдүгээр сарын 9-22-нд болно. Энэ удаагийн наадамд 70 орны 1800 гаруй тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас цана, биатлоны төрөлд зургаан тамирчин өрсөлдөх юм. Залуучуудын өвлийн олимпийн наадмын түүхэнд Монгол Улс хамгийн олон тамирчнаа илгээж буй нь энэ. Өчигдөр "Лозанн-2020" олимпийн наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах, төрийн далбааг гардуулах ёслол МҮОХ-ны хурлын танхимд болов. Монголын багийн тугчаар биатлоны тамирчин Э.Энхсайханыг сонгосон бол тамирчны тангаргийг цанын тамирчин Д.Урангоо өргөлөө. Манай баг тамирчдаас дөрвөн жилийн өмнө тэшүүрийн холимог багийн төрөлд Д.Сумъяа алтан медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт юм.