Намайг Төмөртогоогийн Мөнх гэдэг. Би Жиү жицүгийн спортоор хичээллэдэг. Монголын Жиү жицүгийн дэргэдэх Гаруда академийн багш, дасгалжуулагч, G-Mobile компанийн тамирчин.Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ялж болох спорт жиү жицү юм.Өмнө би тарган байсан. Гурван оронтой тоо руу орсон, бараг 100кг болсон байх. Жиү жицүгээр хичээллэж биеийнхээ жинг хассан. Найман сарын дотор 30 гаруй кг хассан.
Өмнө нь төрийн албанд ажилладаг байсан. Хүн дургүй ажлаа хийж байвал өглөө босоод ажилд явна гэхээр дургүй сэрдэг тохиолдол бий. Одоо би өглөө ажилдаа явж байна гэж боддоггүй. Дуртай зүйл рүүгээ явж байгаа хүнд сайхан мэдрэмж төрдөг.
Энэ зун AGAP-ийн Иркутск-Улаанбаатар цуврал тэмцээнд оролцож мөнгөн медаль авсан. Зун Ази тивийн аварга шалгаруулах дөрөв дэхь тэмцээнд оролцож Ази тивийн аварга болсон.Өөрөө хүүхэдгүй болохоор эхэн үедээ хүүхдүүдтэй ажиллах хэцүү санагддаг байлаа. Одоо бол хүүхдүүдийн бужигнаж байхыг харах сайхан санагддаг. Хүүхдүүдээ тэмцээнд нь бэлдэх, бэлтгэлийг нь хангаж байхад эр хүн их зөөлөн болдог юм шиг санагдсан.
G-Mobile компаний захирал маань тэмцээний зардал, цалин олгож байя гэсэн санал тавиад гэрээ хийж энэ компаний тамирчин болсон. Энэ бүхэн надад маш том урам өгсөн. Их баяртай байгаа.
Жиү жицүгийн спорт олимпийн наадамд 2028 онд орно. Тэр үед өөрөө чадахгүй гэхэд миний шавь нар минь ороосой гэж хүсэж байна. Миний шавь биш байсан ч Монгол хүн байгаасай гэж найдаж байгаа.
Ирэх оны 4-р сард Арабын нэгдсэн Эмират улсад болох Жиү жицүгийн Дэлхийнаварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэр тэмцээндээ бэлтгэлээ сайн базааж, нямбай бэлдэж байгаад оролцох төлөвлөгөөтэй байна.