Цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр 800 Хятад иргэнийг 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалтаар илрүүлсэн билээ. Нийт 783 гадаадын иргэний паспорт, бичиг баримтад шалгалт хийж, 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн Хятадын иргэд байсан юм. Тэд ирсэн зорилгоосоо өөр ажил хийж байгаад ийнхүү баригдсан.
Харин энэ хэрэгт холбогдуулж Монгол улсын гурван иргэнээс мэдүүлэг авчээ. Эх сурвалжийн мэдээллээр мэдүүлэг авсан, хэрэгт сэжиглэгдэж буй эхний хүн бол Мөнхөөгийн Орхонбаяр. АН-ын гишүүн. Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч асан. Хоёр дахь хүн бол Д.Энхтуяа. Сэтгүүлч мэргэжилтэй. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, МҮОНРТ-ийн захирал, NTV, Eagle News телевизүүдэд тус тус ажиллаж байжээ.
Дээрх 800 Хятад иргэнийг дөрвөн өөр газраас баривчилж байсныг тухайн үеийн сайтуудын шууд дамжуулалтаас үзэж болно. Харин М.Орхонбаяр, Д.Энхтуяа нар хэсэг Хятад иргэнийг Монголд авч ирэх, буудалд байрлуулах, хоол унд гээд Монгол дахь асуудлыг нь хариуцдаг байжээ.
800 Хятад иргэн нь цахим орчинд Wechat, Kuku chat зэрэг апплейкэшн хэрэглэж, Хятад хүмүүстэйгээ чаталж, итгэлцэл үүсгээд ямар нэг сугалаанд оролцох, хувьцаа худалдаж авахыг зөвлөж, хуурамч мэдээлэл өгөөд мөнгийг нь өөрсдийнхөө дансанд авч залилдаг байв. Мөн цахим мөрийтэй тоглоом тоглодог байжээ.
Одоогоор дээрх 800 Хятад иргэнийг Хятадын тал шалгаж байгаа ба Монгол талаас цагдаагийн ажилтнууд БНХАУ-д очсон, хамтран шалгалт явуулж байгаа аж.