Швейцарийн Лозанн хотод ирэх оны нэгдүгээр сарын 9-22-нд Залуучуудын өвлийн олимпын III наадам зохион байгуулагдана. Энэ удаагийн өвлийн олимпын наадамд 73 орны 1800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр өрсөлдөнө.
Манай улсаас зургаан тамирчин оролцох бөгөөд биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар хурд хүчээ сорих аж.
“Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпын наадамд Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал ажиллана. Баг тамирчдыг үдэн гаргах, Монгол Улсын төрийн далбаа гардуулах ёслол энэ сарын 30-нд болох юм.
Өмнөх залуучуудын өвлийн олимпын наадам Норвегийн Лиллехаммер хотод болоход гүйлтийн тэшүүрийн холимог багийн төрөлд Б.Сумъяа алтан медаль хүртэж байсан.