“Лантуун дохио” ТББ-ын залуус тав дахь жилдээ “Ид шидийн уут” аянаа зохион байгуулж энэ жил 7000 гаруй хүүхдэд бэлэг өглөө. Аяны бэлгийг 2 сар бэлдэж, ид шидийн уутаа залуус өөрсдөө оёж, сэтгэл бас хөдөлмөр шингэсээн бэлгүүдийг хүүхдүүдэд өгдгөөрөө онцлог. Залуус өглөөний 07.00 цагт цуглаж өмнөх орой бэлтгэж тавьсан бэлэгнүүдээ баг тус бүр хувааж бүх дүүргийн захын хороолол руу хөдөлцгөөдөг. Энэ жилийн хувьд 5-6 хүнтэй 14-17 баг дөрвөн өдрийн турш 07.00-22.00 хүртэл ажиллаж бэлгээ тараалаа.
Тэд бэлгээ өгөхдөө аль болох олон хүүхэдтэй “хэцүү” амьдралтай хүүхдүүдэд өгдөг. Бэлэг тараах ажил харахад амар боловч тийм биш. Тэд гэр хороолол дундуур явдаг болохоор нохойд хөөгдөж, зорилтот айлдаа очиход эзэнгүй байсан ч заавал буцаж очиж, харанхуйд замаа андуурч, өгсүүр замд машин нь хий эргэх гээд их л бэрхшээлийг туулж бэлгээ тараадаг юм билээ. Харин Лантуун дохиогийн залуус энэ бүхнийг үл ойшоож, ажлаа чин сэтгэлээсээ хийж байв.
Гэхдээ тэд зөвхөн бэлэг тараадаггүй. Өөр олон ажил зэрэг амжуулдаг. Айл бүрээ судална, судалгаагаа бөглөнө. Тухайн айлын аав ээж юу хийдэг, хүүхдүүд ямар орчинд өсөж байгаа, эрсдэлтэй амьдарч байгаа эсэх, аав ээж нь архины хамааралтай эсэх зарим “хэцүү тохиолдол, хүнд айл” гэж тодорхойлсон өрхүүдийн амьдрал дээшилсэн зэргийг танадаж байлаа. Ийнхүү судалсаныхаа эцэст хамгаалах байранд авах шаардлагатай хүүхдийг бүртгээд, “Ид Шидийн Орон”-доо аваачдаг байна. Энэ бол бэлэг тараахын хажуугаарх хүүхдүүдэд аюулгүй байдал бэлэглэж буй хамгийн том бэлэг юм.
Бид нийт таван айлаар орсон. Тэдний дундаас нэг айлын амьдрал сайжирч, хүүхдүүд эрсдэлгүй амьдрах болжээ хэмээн Ид Шидтэй ах эгч нар баярлан, нулимс дуслуулж байв. Тэрхүү айлын эзэн архины хамааралтай байсан ба сүмд явж, итгэгч болоод архинаас гарчээ. Ингэснээр эхнэр хүүхдээ зовоохоо больсон байна. Хоёр хүүхэдтэй тэднийх одоо мод уутлан зарж, хашаандаа галуу тахиа тэжээн, цүнх тор оёж борлуулан амьдарч байна. Өөрсдийн хашаатай болчихвол хашаагаараа дүүрэн жимс ногоо тарих зорилготой яваагаа ч ярьлаа.
Байгууллагууд энэ жилийн Ид шидийн уут аяныг сайн дэмжиж бэлэг их цуглажээ. АПУ компани 10 мянган ширхэг маамуу сүү, 10 мянган ширхэг маамуу жүүс, Сүү компани 5000 ширхэг чипсэн ааруул, БНХАУ-д сурдаг оюутнууд 15мянган юаны 600 гаруй цүнх, Зосон торго компани 7000 гаруй бэлэгний уутны материалыг гаргаж эсгүүрийг нь хийжээ. Ид шидтэй ах эгч нар бэлэг тараахдаа тухайн хүүхдийн амьдралын түвшин зэргийг харгалзаад цүнх хичээлийн хэрэглэл, малгай бээлий хувцас, памперс, зарим айлд будаа гоймон,төмс нүүрс өгч байв. Хүүхдүүд харин бэлгэндээ ихэд баярлаж өвлийн өвөөд дуу дуулж шүлэг уншиж авъяасаа үзүүлж, сайн сурч ээж аавдаа сайн туслахаа амлаад үлдэж байлаа.