Түүнийг Нарангийн Өнөрцэцэг гэдэг. ТМ-ийн Өнөрөө, "Танил хүн" нэвтрүүлгийн Өнөрөө гэдгээр нь хүмүүс таньдаг байсан бол одоо харин Заригийн Өнөрөө гэдгээр нь андахгүй.
Сургуулиа төгсөөд Анх Бизнес мэдээ сониноос сэтгүүлчийн ажлын гараагаа эхлэж, ТМ тв-д сурвалжлагач, ахлах редактор, мэдээний албаны дарга болж дэвшиж ажиллажээ. 2 жилийн өмнөөс харин өөрийн Зариг.мн сайтаа нээн өрх тусгаарлан амжилттай ажиллаж явна.
Мэдээ мэдээллийг хамгийн түрүүнд шуурхай байдлаар газар дээрээс нь монтажгүй шууд хүргэхийг зорьдог түүний болон зариг.мн сайтын гол онцлог нь тодруулга, ярилцлага өгч байгаа хүнийхээ биеийн хэлэмж, үнэн бодит байдлыг ямар ч эвлүүлэг, найрууллагагүй хүргэдэг.
Зариг.мн сайт үүсгэн байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч хойд аавдаа зодуулсан хоёр хүүхдэд аян өрнүүлж орон байртай болгосон, УИХ-ын гишүүний Монгол банкаар төлүүлсөн 10н тэрбумын асуудлыг илрүүлсэн гээд том жижиг олон асуудлыг мэдээллэхээс гадна шийдвэрлэж, шийдэх байгууллагат хүргэж чадсан байна.
Сэтгүүлчийн ажил цаг наргүй ч гэсэн нийгэм дэх асуудлыг хөндөж асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж чадаж байгаа нь сайхан. Гэхдээ сошиалаас нэр зураг нь үл мэдэгдэх хаягнаас хувь хүн рүү дайрч, элдэв зураг эвлүүлж тавихад эмэгтэй хүний хувьд ч тэр ээж аавынхаа өмнөөс нь их л эмзэглэдэг юм. Гэхдээ ажил хийж явахад асуудал гарахгүй байна гэж байхгүй ээ.
Одоо харин нийгэмд байгаа илүү том асуудлуудыг ул сууриар нь өөрчлөхөд хэвлэл мэдээллийн үүргээ сайн гүйцэтгэхийг зорьж ажиллаж байна гэж тэрээр ярьсан юм.
Видео мэдээллийг эндээс үзнэ үү.