“Бизнес Өрөг” нэвтрүүлэг нэг цуврал 12 дугаараа АНУ-аас бэлтгэсэн билээ. Америк дахь олон Монгол хүнтэй уулзаж, ярилцаж мэдээлэл цуглуулсны хувьд цувралаар Америк орны тухай, Америк дахь Монголчуудын тухай мэдээлэл хүргэж байна.
Монголчуудын ажиллаж амьдардаг орны тоогоор Солонгос улс тэргүүлдэг. Харин 30 гаруй мянган Монголчууд амьдарч байгаа АНУ удаалдаг юм. Америкт цалин өндөр, амьдрах орчин сайхан ч өртөг өндөр тул төдийлөн сайн мөнгө хадгалж чаддаггүй байна. Тэдний Америкд байгаа шалтгаан нь “хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч л эх орноосоо гарсан” гэх нь дийлэнх хувийг эзэлж байв. Харин тэд Монгол дах гэр орон, аав ээж,ойр дотны хүмүүс рүүгээ сард дунджаар 100 доллар илгээдэг. 30 гаруй мянган Монгол байдаг хэмээн дундчилж бодвол тэд эх орон руугаа сар бүр 1,5 сая долларын “хөрөнгө оруулалт” хийдэг болж таарч байгаа юм.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудыг биеийн амрыг харж, сайхан орчин хөөж эх орноосоо явсан гэж олон хүн шүүмжилдэг. Гэхдээ сайн талуудыг нь харвал тэдний оролцоо, хувь нэмэр их. Жишээ нь “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон 1” төсөл хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ байгууллагын бүх урсгал зардлыг Америк дахь Монголчууд өдөрт нэг доллар хандивлах байдлаар хариуцаж ажилладаг юм. Мөн Ажиа гэгээний 2012 онд Монголд эмнэлэг барих ажилд Вашингтон ДС хотод байдаг Монголчууд гэхэд 55 мянган доллар босгож өгч байжээ. Энэ бол мөнгөн дүн. Үүнээс гадна гадаадад байгаа Монголчууд өндөр хөгжилтэй орны олон сайн жишиг, стандарт, соёлоос суралцаж ирж эх орондоо нэвтрүүлэх нь бас нэгэн чухал хөрөнгө оруулалт билээ. Технологийн дэвшил, ноу хау бүр тухайн улс орны ДНБ-ний өсөлтөд нөлөөлдөг тухай “онол” сургуульд заадаг. Ингэж үзвэл тэдний хувь нэмэр шууд болон шууд бус замаар арвин их байгаа юм.