Дэлхийн 86 улс орныг 11 жилийн хугацаанд тойрч, судалгаа хийж бадарчилсан Ж.Золбаяр буюу Амай сүүлийн хоёр жилийн хугацаанд бөөрний дутагдалд орж, 1-р эмнэлгийн диализийн тасагт эмчлүүлсэн юм. Харин тэр 20 гаруй өдрийн өмнө бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж, амжилттай болсон. Бид түүнтэй энэ талаар нь ярилцахаар цаг товлолоо.
Түүнтэй уулзсан шалтгаан нь Монгол улсын иргэд гадаад улсад эмчилгээ хийлгэж, их хэмжээний зардал гаргадаг. Тухайлбал Монгол банкнаас гаргасан судалгаагаар 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор аялсан Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсууд руу явсан байдаг. Энэ үзүүлэлт жил бүр өсдөг гэдгийг ЭМЯ мэдээлсэн.
Харин Амай Монголдоо 24 сая төгрөгөөр бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлгэсэн нэгэн “түүх” юм. Түүнд кадавр донорын бөөр шилжүүлсэн.
Амай “2 жилийн хугацаанд эрүүл болгоно гэсэн бүх хүнд хандсан, эрүүл болгоод өгье гээд Христийн пастороос эхлээд зөндөө ч хүмүүс ирсэн. Лам, бөө, долоодог, үлээдэг гээд нисдэгээс бусадтай нь л уулзлаа. Хүний өвчнөөр тоглож, мөнгө босгох гэсэн хүмүүс ямар их байдгийг олж харлаа. Эцэст нь шинжлэх ухаан намайг аварлаа” гэв.
Мөн тэрээр “Эрүүл мэндийн салбарт маш их хэмжээний мөнгө эргэлддэг тул мэргэжлийн бус хүнээр энэ салбарыг толгойлуулдаг юм байна. Эрүүл мэндийн салбар шинэчлэгдэж, системээ өөрчилж чадвал манай эмч эмнэлгийн ажилтнууд их ачаалал дунд үнэхээр чадварлаг ажилладаг, гологдохгүй” гэж ахин дахин хэлсэн юм.
Дэлхийн 86 улс орныг 11 жил тойрохдоо мопидноос онхолдон шархдаж, дайнтай улсын цэргүүдэд буу тулгуулж, өвдөж, далайн хүчтэй салхийг туулсан гэх мэт эгээ л кино шиг адал явдалтай хувь тавиланг Амай бүтээсэн. Харин 40 эргэм насандаа үхэж магадгүй тухай бодолтой байсан тэр өнөөдөр ихийг хийнэ гээд инээж сууна. Амай үзэгч танд нэгэн захиа хэлсэн. “Ямар ч адармаатай, хүнд хэцүү, зүйл байсан амьдраад л туулаад л байх хэрэгтэй” гэж….