Авто зам ашигласны татварыг тав дахин нэмсэнтэй холбогдуулан МАХН, Үнэн ба зөв нам, "Босоо хөх Монгол" ТББ хамтран Сүхбаатарын талбайг тойрон автомашинтай жагсаал зохион байгуулж эхэллээ. Жагсаал өглөө 08.00-18.00 цаг хүртэл, таван өдрийн турш үргэлжлэх гэнэ.
Шинэчлэн баталсан дүнгээр автомашин эзэмшигчдийн төлдөг байсан татвар хамгийн багадаа тав дахин нэмэгдэх аж. Тухайлбал, 2000 см3 хүртэл багтаамжтай тээврийн хэрэгсэл, үүний хамгийн гол төлөөлөл болох приус автомашины эзэмшигч 2019 онд авто зам ашигласан хэмээн 20 мянган төгрөг төлдөг байсан бол ирэх онд 100 мянган төгрөг төлөх ёстой болно.
2019 онд 12 тэрбум 795 сая 600 мянган төгрөг төвлөрсөн бол татварыг тав дахин нэмснээр ирэх жил төсөвт 73 тэрбум 579 сая 715 мянган төгрөг бүрдэх юм байна.
Жагсаалд 1000 орчим иргэн нэгдэхээ илэрхийлсэн бөгөөд энэ тоо өсөх магадлалтайг зохион байгуулагчид дурдаж байна.