
2026 онд Монгол Улсад 8 тэмцээнийг улсын төсвийг зарцуулан зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн спортын тэмцээнүүдийн жагсаалтыг баталлаа.
Эдгээр тэмцээнийг зохион байгуулах зардлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2026 оны төсвийн багцаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2026 онд Монгол Улсад зохион байгуулах тэмцээн уралдааны эрхийг авахын тулд спортын 20 холбоо нийт 29 тэмцээнийг санал болгожээ.
Энэ 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар 20 спортын холбооноос 29 тэмцээнийг санал болгосноос 2 шатны сонгон шалгаруулалтын дараа олимпын эрхийн оноо олгох 4, дэлхийн чансаа тогтоох 1, дэлхийн цомын эрх олгох 1, олон улс, тивийн зэрэглэлийн 2 нийт 8 тэмцээнийг улсын төсвийн хөрөнгөөр явуулахаар болжээ.
Энэ онд Монголд болох томоохон тэмцээнүүдээс “Counter strike 2” е-спортын шилдэг багуудын Олон улсын тэмцээн спорт сонирхогчдын анхаарлын төвд байна.
“Counter strike 2” цахим спортын шилдэг 8 багийн тэмцээн 2026 оны арванхоёрдугаар сард “Аса арена”-д зохион байгуулах бөгөөд дэлхийн 2 тэрбум үзэгч онлайнаар үзэх тооцоолол гарчээ.
Тухайн эрхийг олгохын тулд хоёр шатны шалгаруулалтыг явуулжээ.
Тэмцээний чанар чансааны хувьд:
-Олимпын эрхийн оноо олгох 4,
-Дэлхийн чансааны 1,
-Дэлхийн цомын эрхийн 1,
-Олон улсын болон тивийн зэрэглэлийн 2 гээд нийт 8 тэмцээнийг баталжээ.
Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах томоохон тэмцээнүүдийг танилцуулъя
- Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн
- Хугацаа: 2026 оны 3 сарын 28 – 4 сарын 11
- Байршил: Улаанбаатар хот, “АСА Арена”
- Эрэгтэй, эмэгтэй ангиллаар медалийн эздээ тодруулна.
Нэмэлт мэдээлэл: Монгол Улсад өмнө нь 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэй боксын Ази тивийн АШТ-ийг Монголын Боксын холбооноос зохион байгуулж байв.
2. Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XXVII тэмцээн
- Хугацаа: 2026 оны 5 сарын 19–25
- Байршил: M Банк Арена
- Кёруги, пүмсэ, пара спортын ангилал зэрэг 3 төрлөөр нэгэн зэрэг зохион байгуулна.
- Монгол Улсад анх удаа энэ хэмжээний тэмцээн болно.
- Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээн
- Хугацаа: 2026 оны 5 сарын 28 – 6 сарын 7
- Байршил: Улаанбаатар зочид буудлын цогцолбор
Монгол Улсад насанд хүрэгчдийн шатрын Ази тивийн АШТ анх удаа зохион байгуулна.
Харин сонирхуулахад 2025 онд Монголын Шатрын холбооноос өсвөрийн Ази тивийн АШТ-ийг Улаанбаатар хотод зохион байгуулсан.
- Олон улсын чөлөөт бөхийн “Улаанбаатар опен”
- Хугацаа: 2026 оны 6 сарын 4–7
- Байршил: Буянт-Ухаа спортын ордон
- Дэлхийн бөхийн холбооны чансаа олгох цуврал тэмцээн бөгөөд 2025 онд Монголд анх зохион байгуулж байв.
- Сагсан бөмбөгийн 3×3 эмэгтэйчүүдийн Дэлхийн гранпри
- Хугацаа: 2026 оны 6 сарын 19–20
- Байршил: Сүхбаатарын талбай
- Энэхүү цуврал өрсөлдөөнөөс шилдэг багууд дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах боломжтой.
- Жүдо бөхийн Дэлхийн их дуулга “Улаанбаатар-2026”
- Хугацаа: 2026 оны 6 сарын 27–29
- Байршил: Буянт-Ухаа спортын ордон
- Монгол Улсад 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй дэлхийн чанартай тэмцээн.
Аливаа улсад зохион байгуулж буй спортын тэмцээн уралдааныг дагаад аялал жуулчлалын салбар тодорхой хэмжээгээр хөгжихөд хувь нэмрээ оруулж байдаг сайн талтай. Мөн спорт-аялал жуулчлалаар дамжуулан тухайн улс эх оронд худалдан авалт болон зочлох хөрөнгө оруулалтууд хийгдэж байдаг учраас эдийн засагт бага ч болов чучил нэмж өгдөг.
Иймээс Монгол Улсад зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанаар дамжуулан дэлхийн улс орнууд манай улсын үүх түүх, хөгжил, өв соёлыг танин мэдэхэд чухал үүрэгтэй.
Нөгөө талаараа Монгол улсын тамирчид өөрийн эх орондоо болж байгаа тэмцээнд өрсөлдсөнөөр 1-рт ур чадвараа ахиулахын зэрэгцээ бусад орны тамирчдаас харилцан туршлага судалж буй хэрэг. Хамгийн гол нь зардал мөнгөө хэмнэн, өөрийн эх орондоо болж байгаа тэмцээнд чанар, чансаагаа тодорхойлж мэдэж авдаг.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд, 2025 онд Монгол Улсын Засгийн газрын 243 дугаар тогтоолоор олон улс, тив, дэлхийн чанартай 8 тэмцээнийг эх орондоо зохион байгуулж, улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд дээрх тэмцээнүүдэд 117 орны 2,786 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн, гадаадын 968 дэмжигч нар манай улсад зочлон ирж, галт тэрэг болон үндэсний авиа компанид 4 тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа болон үйлчилгээний салбарт 582 сая төгрөг, нийтдээ 5.6 тэрбум төгрөгийн орлого оруулсан статистик тооцоо, судалгаа гарсан байна.
Ч.Анар






