
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.23/ ээлжит хуралдаанаа хийж, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах боломжийг бий болгоход чиглэж байна. Өөрөөр хэлбэл, заавал дагаж мөрдөх албадлагын тогтолцоо биш, харин иргэн өөрийн сайн дураараа, боломжид тулгуурлан оролцох нэмэлт боломжийн талаар хуулийн төсөлд тусгажээ. Малчид нэмэлт тэтгэвэрт хамрагдах нь нээлттэй аж.
Мөн тухайн хуримтлал нь өвлөгдөх боломжтой байхаар зохицуулж байгаа нь иргэдийн өмчийн баталгааг хангах чухал алхам гэж үзсэн байна.
Хуулийн төслийг баталснаар урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болж, иргэн төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авч, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулах боломж бүрдэнэ гэлээ.






