
Хорвоо дэлхийн олон өнгийн амьдралыг ер урлаг, спорт үгүйгээр төсөөлшгүй. Спорт үгүй бол амжилт ялалт, баяр бахархал, омогшил ондоошил ер тэгээд нэгдмэл байдал байхгүй ч байсан биз ээ.
Спортыг нэгэнт л сонгон хөл тавин алхан орсон л бол эргэж хэзээ ч буцалтгүйгээр том сайхан мөрөөдөл, шантрашгүй эр зориг, нугарахгүй тэвчээр хатуужил зарцуулдаг.
Спортын хууль хатуу басхүү чанга…
Тамирчны ялалт хямдхан олддоггүй гэдэгчлэн түүний эхлэл цэгээс өдгөөг хүртэлх туулж ирсэн замнал тийм ч дардан бус. Асар их үнэ цэнтэй хөлс хүч, тэвчээр зоригийг зарцуулан өнөөдөр энд ирдэг.
Тэгвэл эрүүл мэнд, асар их зүйлсээ золиослохыг шаарддаг магад амь насны аюулд орох эрсдэл өндртэй мэргэжлийн холимог тулааны спортоор хичээллэж, өдгөө Топууд ач тач тулалддаг UFC-д зам мөрөө гарган, ээлжит ялалтаа аваад буй Холимог тулаанч Түмэндэмбэрэлийн Нямжаргал “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарын хоймортоо хүндэтгэн урилаа.

Мэс заслын орон дээр гарахаасаа өмнө элдэв эрсдэл гарвал “Би гомдолгүй ээ хэмээн эмчийн бичигт гарын үсэг зурдаг”.
Яг үүнтэй агаар нэгэн адилаар мэргэжлийн холимог тулаанч октаген дээр хөл тавихаасаа өмнө
“Тангараг мэтээр ийм бичигт гарын үсгээ зурдаг”
Ингээд Холимог тулаанч Т.Нямжаргалын эгэл даруу хэрнээ, эгэлгүй ертөнцөөр хамтдаа аялцгаая.


-Сайн байна уу? Монголдоо тавтай морилно уу. Юун түрүүнд том тулаанд чухал ялалт байгуулсанд нь баяр хүргэе.
-Сайн байна уу? Баярлалаа. Эх орондоо дөнгөж ирээд байна. Сар шинийн баярын үеэр АНУ-ыг зорьж, чухал тулаандаа ялалт байгуулаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна.
-Юун түрүүнд таныг зайрмагаар дайлъя. Тулаан бүрийнхээ ард амтат зайрмаг иддэг нь сонирхол татлаа. Ингээд зайрмаг бэлдээд Зочноо хүлээж суулаа.
-Өө. Баярлалаа. Миний хувьд тулаан бүрийнхээ ард сүүн зайрмаг иддэг. Ялалтын тэр аз жаргалыг илүү эрүүл ухаанаар хүлээж авахыг боддог. Өөртөө дараа дараагийн том алхам өмнө минь байгаа шүү гэдгээ сануулахын тулд ийм амттай зүйл иддэг. Голдуу зөвхөн тулааны дараа л ихэвчлэн иддэг. Зарим тулаанчид пиво уух гэх мэт олон янзаар тулааныхаа дараа өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Харин би аль болох энэ бүхнээс зайлсхийж, дурттай амттанаа л иддэг дээ.


Т.Нямжаргал: “UFC”-д Монгол Улсаас 2 дахь тулаанч болон хөл тавьсандаа баяртай байдаг
-Эх орондоо ирээд ойрын төлөвлөгөө юу байна даа?
-14-21 хоногт биеэ тэнхрүүлж авах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, аль болох тулаанаа бодохгүй, стрессээс салах ёстой. Одоогийн байдлаар амрах гээд л үзээд байна.
-Тэр том тулааны өмнө урд шөнө нь сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэв?
-UFC энэ бол дэлхийн бүх л тулаанчдын гол “тайз”. Энэ бол дэлхийн хамгийн том лиг. Тэр дотроо Монгол Улсаа төлөөлөөд энэ бүх л зам, даваа гүвээг ганцаараа тулж байгаа. Монгол Улсаас хоёр дахь тулаанч болж энэ том тайзан дээр хөл тавьсандаа маш их талархдаг даа. Тийм учраас өөрийнхөө сэтгэлзүйг аль болох өндөрт өргөх, үүнийг заавал хийх хэрэгтэй. Үүнийг хийж байж чи илүү цаашаа явна, чи л үүнийг хийх хэрэгтэй, чи бол Монгол хүн ч гэдэг юм уу, өөрсдийнхөө үүх түүхийг бодох, түүнийг унших, тэгээд тэрүүгээр сэтгэлзүйгээ бэлдэж, ер нь тулаанууддаа очдог.
Энэ тулаан дээр яг өөрийнхөө мөрөөдөж байсан тайзан дээр гарсан учраас илүү их сэтгэлзүйгээ төвлөрүүлж, анхаарч ажиллаж очсон учраас ямар нэгэн сэтгэлзүйн тийм алдаа дутагдал бага гаргасан тулаан болсон.
-Ер нь тулааны тактик ямар байв? Дасгалжуулагчтайгаа болон өөрөө яг ямар тактик боловсруулав?
-Би бол ер нь тулааны тактикийг эхний үеийн, эхний 1-2 минут барилдаад л түүнээс хойш ер нь босоогоос тулаан үргэлжлэх байх гэж тооцоолж бэлтгэл сургуулилтаа хийсэн. Гэхдээ барилдаан орж ирнэ гэдгийг тооцоолж байсан ч гэсэн 3 үеийн турш зогсоо зайгүй барилдаж, ямар нэгэн өчих боолтыг барьж аваад л тэрнээсээ намайг дутуу гаргана гэж нэг их тооцоолоогүй байсан. Иймээс тухайн үеийн моментод өөрийнхөө хийж чаддаг зүйлийг, хийхийг хүсдэг зүйлсийг мэдрэмжиндээ тааруулж хийж, контролдон тэгж явж байж ялсан. Тэр өдөр аз ч миний талд байсан байх. Хөдөлмөр ч миний талд байсан учраас ялсан болов уу гэж бодож байна.


МУГТ Ж.Нарантунгалаг багш маань “Гар сайтай багш даа”
-МУГТ Ж.Нарантунгалаг багштайгаа хэзээнээс багш шавийн барилдлага үүсгэв?
-2017 оны 11 сар хавьцаа анх багшийнхаа үүсгэн байгуулсан “Шандас ММА” клубт зорин ирж танилцаад, холимог тулааны бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн дээ.
Манай Ж.Нарантунгалаг багш маань их “Гар сайтай, сайхан багш”. Мэргэжлийн холимог тулаанд олон ч шилдэг шавь нараа бэлтгэж, хөл тавиулж, амжилт ялалтыг нь хамтдаа үзэж яваа.
Харин барилдааны бэлтгэлээ жюү жицүгийн Батбаяр багш дээрээ хийж байгаад, хэвтээ барилдаан буюу жюү жицүгээр дагнаад бэлтгэлээ базаадаг байлаа. Багш нартаа талархаж явдаг.
Миний менежерээр Америк хүн ажилладаг. Гол төв нь Япон улсад бий.
-Анх UFC-д албан ёсоор гэрээгээ байгуулах болсон мэдээгээ дуулаад төрж байсан сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Анх холимог тулаанчид сонирхогчдын түвшнээс эхэлдэг. Тэнд би 2 тоглож 2 ялаад хоёуланг нь бас хугацаанаасаа өмнө дуусгаад MGL-1 тулаанд тоглох эрх нь нээгдээд тэгээд холимог тулааны гараагаа эхэлж байсан.
UFC-д албан ёсоор гэрээ байгуулах мэдээгээ хүлээж аваад тэр өдөржингөө нэг тийм догдолсон, сууж ядсан, хэн нэгэнд хэлмээр санагдаад, маш их аз жаргалтай өдөр байсан.
-Тамирчин хүнд жин хасах маш хүнд хэцүү даваа. Саяны том тулааны өмнө жингээ маш ихээр хассан гэсэн?
-Жин хасах явц маш хүнд. Өндөр бэлтгэлийг хадгалаад, өндөр ачаалалд орж жингээ хасна гэдэг нь тэсвэр тэвчээр, мэргэжлийн тамирчны давуу тал бол энэ. Маш өндөр бэлтгэл хийхийн хажуугаар жингээ буулгаж байдаг. Өөрийнхөө хувийг багасгаад байгаа бүх л нөөц бололцоогоо шавхаад, сүүлийн дайралтаа хийж жиндээ ордог. Миний хувьд нэг тулаанд оролцохдоо дунджаар 10кг-ийг хасдаг. Ер нь бол 10-аас дээш килограммыг хасаж тулаандаа оролцдог.


Холимог тулаан бол маш их “Ур ухаан” шаардсан спорт
-Яг тэр октаген дээр гаргах тамирчны ур чадвар, бэлтгэл сургуулилт бүгд л “Ур ухаан”. Өөрийн тань хувьд ур ухаанаа хэрхэн гаргадаг вэ?
-Энэ нь өөрөө маш их ур ухаан шаарддаг спорт. Дээрээс нь биеийн мэдрэмжийг дээд цэгт нь хүргэдэг. Ямар ч бодох, удаан зүгээр зогсох боломжгүй. Яг ингээд л толгой руу чинь ухаан, сэхээгүй цохиод байхаар маш хурдтай мэдрэмж өндөртэй байх л чухал. Холимог тулаан бол ямар нэгэн байдлаар бие дээр нь контакт өгч байхад л тайвнаар бодоод, сэтгээд, тэгээд цаашлах боломжийг олгодгоороо маш давуу талтай. Тийм учраас дэлхий дээр маш өндөр, хурдтай хөгжиж байгаа спорт.
Өрсөлдөгч болгон бүгд гэрээ хийж ордог. Бүгдтэй нь UFC маш өндөр зэрэглэлийн гэрээ хийдэг. Тэгээд ямар нэгэн байдлаар амь нас эрсдвэл гомдолгүй ээ гэж гарын үсэг зуруулдаг учраас тэр дотор орж байгаа хүн болгон айдсаа бүгд давчихсан байдаг. Тэгээд үзэгчид маань өө айж байна, шаргиж байна гээд л янз бүрийн юм бичдэг. Гэтэл энэ тулааны спортод бүгд тэд нарын эрсдлийг нь үүрээд амь насаа дэнчин тавиад орж байгаа учраас тэр айдас гэдэг зүйлийг ихэнх тамирчин мартаж ордог учраас эсрэг тамирчин надаас айж байна.
Тэр чинь надаас айчихлаа, би айчихлаа гэдэг тийм зүйл байхгүй. Зөвхөн нүдээрээ тулахад би чамайг ална эсвэл би чамайг ална гэсэн тийм зүйлээр л харж тулж октаген рүү ордог.


Анх Л.Баяраа багш дээрээ үндэсний бөхөөр хичээллэж байсан. Тэр үед Сумын начин цол хүртсэн
-Нээрээ зочин маань их онцгой өдөр буюу 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн юм билээ?
-Их баярлалаа. Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж өссөн. 3 сарын 22-ны өдөр маш онцгой өдөр. Өдөр, шөнө тэнцдэг мөн бүх зүйл амь орж байдаг. Шинэ амьдрал эхэлдэг улирал учраас их гоё надад тийм бэлгэшээлтэй байдаг. Энэ өдрийн од гараг эрхсийг судлаад үзэхэд ч цаанаасаа гоё бэлгэшээлтэй санагддаг даа.
Төрсөн нутагтаа 9 дүгээр ангиа төгстөл Баянбулаг сумандаа байж байгаад, 12 дугаар ангиа төгстөл Баянхонгор аймагт суралцаж дунд сургуулиа дүүргэсэн. Ламын гэгээний удамтай, бид нарын ярьдгаар үүх түүх сайтай, их сайхан онгон зэрлэг байгальтай нутаг даа.
-Баянхонгороос шаггүй сайхан хүчтэнүүд төрөн гарсан. Өөрийн тань хувьд Үндэсний бөхийн начин цолтой. Яг хэзээнээс үндэсний бөхөөр хичээллээд цолоо хэзээ авчхав?
-Орон нутагт спортын ямар нэгэн секц дугуйлан тухайн үед дутмаг байлаа. Одоо бас харьцангуй нэг үеэ бодвол заал танхим баригдаад бас арай дээр болж байна.
Миний хувьд 8 дугаар ангиасаа хойш аймаг, цэргийн заан Л.Баяраа гэж багш дээрээ анх бөхийн гараагаа эхэлж байсан. Намайг анх спортод хөтөлж оруулсан эрхэм бол багш маань юм. Тэгээд түүнээс хойш жүдо бөхөөр барилдаад энэ явцдаа тулааны спортыг 2012 оноос хойш үзэж, сонирхож эхэлсэн. Тэгээд л өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаад л холимог тулаан руу орсон доо.


Т.Нямжаргал: 4 дүгээр ангиасаа бурханы ном үзэж эхлээд хайрлах эс хайрлахыг маш сайн мэдсэн
-Спорт бол асар их цаг хугацаа, зогсошгүй хөдөлмөр зүтгэл. Мэдээж гэр бүл, анд найз нөхөд, баг хамт олны дэмжлэг маш чухал байдаг?
-Мэдээж миний хүсэл мөрөөдөлд жигүүр болж байгаа, урам зориг өгдөг, итгэл үнэмшил, итгэл найдвар өгдөг хүмүүс бий. Тэд бүгд байж нэг цогц болдог. Тиймдээ ч тэднийхээ намайг ялаасай, илүү их амжилт гаргаасай гэж дор бүрнээ бодож залбирдаг. Энэ бүх дэмжлэг, итгэл үнэмшил надад миний мөрөөдөл дээр жигүүр болоод дээшээ явж буй учраас талархах, баярлах тийм хүмүүс байгаа.
Энд онцлоод хэлэхэд Аавдаа маш их хайртай гэдгээ хэлмээр байна. Миний бүх л зүйл, бага насны дурсамж, сайн сайхан мөчүүд аавтай маань салшгүй холбоотой. Зөв замаар явбал эрх чөлөөтэйгөөр сайхан амьдарч болдгийг аав минь хайраараа харуулдаг учраас би ч аль болох буруу зүйл рүү явах, хазайх тийм зүйл байхгүй. Аль болох зөв зам руу тэмүүлж, түүндээ хүрэхийг хичээж явдаг.
Хүүхэд ахуй насанд бүх л хүсэл мөрөөдлийг маань миний аав, ээж маш их дэмждэг намайг хүссэн болгоноо хийхийг зөвшөөрсөн. Би хүүхэд байхдаа лам болж үзэж байлаа. Миний өвөө том лам байсан хүн.
Би 4 дүгээр ангиасаа бурхны ном үзээд хайрлах, эс хайрлахыг маш сайн мэдсэн. Хүнийг хүндлэх, хайрлах аливаа зүйлийг эерэг гэгээлгээр харах, энэрэхийг тэр үедээ мэдэрч, мэдэж өссөн дөө.
9, 10 дугаар ангидаа орсноос хойш ээж аав маань тэр спортоороо тийм хүн бол ч гэдэг юм уу тийм хэлээгүй бүүр миний зөв совинд итгээд миний хийж байгаа болгоныг чимээгүй алсаас ажиглаад хараад тэгж байсан учраас би өөрийнхөө жигүүрийг илүү том болгосон илүү их том зорилго тавьсан өөрийнхөө хүчинд итгэсэн. Тийм учраас энэ хүртэл явж байгаа илүү ч их хол явах болно.


-Т.Нямжаргал тулаанчийн онцлог юу вэ?
-Би 57кг-д тоглодог хэрнээ миний хүч нэг цохилт 66-70кг жинд цохидогтой адилхан тийм хүнд цохидог. Тийм учраас 57кг-д ямар нэгэн байдлаар цохилт солилцох юм бол ямар ч тамирчныг нокаутад оруулах бүрэн чадамжтай. Дээрээс нь би өөрөө хүүхэд ахуй наснаасаа барилдаж өссөн учраас барилдааны мэдрэмж, байгалиас өгсөн тийм мэдрэмж өндөр байдаг. Тоочвол давуу талууд маш их бий.
-Өөрийн тань цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгын талаар сонирхоё?
-Өөртөө дурсамж үлдээсэн,ирээдүй хойчдоо үлгэр дуурайлал болсон зөв зүйлээрээ бүгдийг тэмүүлж хүсэж байгаа учраас зорилго маш том байгаа.
Спорт бол хүнийг эрүүл чийрэг байхын хамгийн том хөдөлгөөн. Хөдөлгөөнтэй л байх тусмаа эрүүл байна, өвчин зовуурьгүй, илүү цовоо сэргэлэн байдаг.
Холимог тулаан бол биеэ зөв авч явах, бие бялдрын хувьд оюун санааны маш их өндөр чадамжийг хүнд өгнө. Тэгээд сахилга бат, өвдөлтийг мэдэрдэг учраас хэн нэгнийг өвтгөхийг хүсэхгүй. Ийм учраас маш их олон давуу талтай.
-Т.Нямжаргалыг тойрсон хүрээлэл юу байна вэ?
-Тэр тулааны октаген бол “Бид нарын тайз” гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний сурсан, мэдсэн, хийсэн бүх зүйлийг л тэрэн дээр харуулах 15 минут байдаг учраас тэнд аль болох өөрийгөө 100% дайчилж оролцдог.
Би хүрээллээ илүү UFC-д мэдэрдэг дээ.


Холимог тулааны ертөнц Art of Naccaut нэрээр нь Т.Нямжаргалыг андахгүй
-Т.Нямжаргалыг мэргэжлийн холимог тулааны ертөнц Art of Naccaut хэмээх нэрээр нь андахгүй. Энэ нэрээ хэрхэн, хэзээ авч байв?
-Яагаад энэ нэрийг өгсөн бэ гэвэл Япон улсын аваргыг 7 секундэд нокаутад оруулсан учраас олон улсын хөгжөөн дэмжигчид тухайн тулааны үед өгсөн. Одоо яг энэ нэрээрээ тулаанд оролцож байгаа. Сүүлийн мөчид өрсөлдөгчөө өчих мэхээр боолтын барьцад оруулбал би унтуулчихдаг учраас одоо энэ нэрээрээ тулаануудад оролцдог доо.
Ярилцсанд баярлалаа.
Спортын сэтгүүлч А.Алтанчимэг
Зураглаач Н.Мөнх-Эрдэнэ, Д.Гэлэгжамц
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






