
“Khan Falcons” багийн легионер тамирчин Byron Wesley-тэй холбоотой хэргийн шүүх шинжилгээний төвийн хариу өнөөдөр гарна
Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж буй. Гал гарсан ширүүхэн тоглолтуудтай зэрэгцэн өчигдөр (2026.03.19) өдөр цахим орчинд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эзэнтэй “Khan Falcons” багийн легионер тамирчин Byron Wesley-тэй холбоотой хэргийн асуудал дэгдлээ.
Түүний хувьд иргэн Ж.Урангоог гэртээ урьж ирүүлэн, зугаацаж, зодож гэмтээсэн талаар тухайн иргэн өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн юм.

Иргэн Ж.Урангоо: “Цагдаа нар Byron Wesley-ийг 100 мянган төгрөгөөр торгоод явуулсан байна. 2026 оны 3 дугаар сарын 7-нд, миний төрсөн өдрөөр намайг гэртээ урьж, зодсон. Бид хоёр 2025 онд анх танилцаж байсан. Хэсэг хугацаанд холбоогүй байж байгаад саяхнаас дахин холбогдож, чат бичиж эхэлсэн. Анх уулзахад даруухан, нэг их юм ярьдаггүй хүн байсан тул ийм аймшигтай үйлдэл гаргана гэж бодолгүй гэрт нь очсон. Гэвч найзуудтайгаа хамт ирээгүй гэх шалтгаанаар зодож, гэмтээсэн.
Би энэ хэргийн талаар цагдаад гомдол гаргасан ч тухайн этгээдийг 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөнд гомдолтой байна. Надаас гадна олон охид энэ мэтээр хохирсон байдгийг мэдлээ. Бүр ноцтой кейсүүд ч байдаг юм байна. Тиймээс дахиад ийм хохирогч битгий гараасай гэж хүсч байна” гэв.
Зургийн эх сурвалж: “Цахиур.мн”


Харин эх сурвалжийн мэдээллээр тус багийн легионер тамирчин Byron Wesley иргэн Ж.Урангоотой 2 жилийн хугацаанд үерхэж байсан. Энэ харилцаанаас давж, мөнгө төгрөг нэхсэнийг Byron Wesley татгалзаж, өгөөгүй гэх.
Өнөөдөр (2026.03.20) Шүүх шинжилгээний төвийн дүгнэлт хариу гарах бөгөөд албан ёсоор багийн удирдлагуудын зүгээс мэдээлэл өгнө гэдгийг хэллээ.
Харин тус багийн зүгээс өчигдөр (2026.03.19) дараах мэдэгдлийг багийнхаа албан ёсны цахим хуудсаар дамжуулан гаргажээ.


Харин одоогийн байдлаар хэвлэлд ямар нэгэн тайлбар өгч, ярилцлага өгөх боломжгүйг хэлсэн юм.
Тус багийн тухайд сагсан бөмбөгийн М хөгжлийн лигт өрсөлдөж байгаад, Үндэсний дээд лигт дэвшин орж ирсэн. Дээд лигийн шилдэг амжилттай багуудыг ээлж дарааллан ялсаар Плей-оффын шатанд гарч ирсэн нь олон нийтийн дунд, тэр дундаа сагсан бөмбөгийн спорт сонирхогч, дэмжигч фэнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаад байгаа юм.
Нөгөө талаараа доод лигээс дээд лигт дэвшин орж ирсэн цагаасаа эгзэгтэй мөчүүдэд тэсрэлт хийж, чухал амжилтуудыг үзүүлэн, хожил байгуулсаар Плей-оффт шалгарч гарч ирж чадсан нь олон нийтэд гайхшруулсан гэнэтийн байлаа.
Энэ үзүүлэлт нь спортын өрсөлдөгчдийн дундах ширүүн тэмцлийг өөр аргаар өрнүүлэх гол сэдэл нь болсон хэмээн хардаж буйгаа “Khan Falcons” багийн хөгжөөн дэмжигч, фэнүүд нь цахим орчинд өрнүүлж эхэллээ.






